Цэс

Холбоо барих

Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.


УИХ-ын гишүүд ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Сүрьеэгийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх асуудлыг төсөвт тусган шийдвэрлэх шаардлагатай байна хэмээсэн. Мөн ирэх он олимпийн наадмын өмнөх өмнөх жил. Олимпийн бэлтгэлд анхаарч тамирчдыг гадаад, дотоодын тэмцээнд оролцуулах, Биеийн тамир, спортын газрын төсвийг танахгүй байхыг хүссэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, төсвийн мөнгөөр үнэтэй автомашин, тавилга эд хогшил худалдан авч урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй ажиллахыг анхааруулсан. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 382 зорилтоос 129 зорилтод илүү анхаарах шаардлагатай байгааг дурдаад эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгахыг хүссэн.

УИХ-ын гишүүн М.Билэгт мал, мах эскпортлох, мал аж ахуйн салбарыг дэмжих асуудалд анхаарах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдад өгдөг 70 мянган төгрөгийн тэтгэлгийг 100 мянга болгон нэмэгдүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд МСҮТ-д суралцаж буй хүүхдүүд 1960-1970-аад оны тоног төхөөрөмж дээр дадлага хийж байгаад анхааран үзэж, мэргэжлийн сургалтын баазыг сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд тодорхой төсөв тусгах нь зүйтэй гэлээ.


Түүнчлэн гишүүд 2019 оны төсөв хүн рүү, боловсрол, эрүүл мэнд, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглээсэй гэж гэж хүсч байгаагаа илэрхийлсэн.

Гэр хороолол руу чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, дэд бүтэц, орон сууц барихад анхаарч, нийслэлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд бодитоор нөлөөлөхгүй байгаад дүгнэлт хийж, ажлын байрыг нэмэгдүүлж, орлогын тэгш тэнцвэртэй хуваарилалтыг бий болгоход анхаарах шаардлагатай хэмээсэн.

Мөн УИХ-ын гишүүд Төрийн албанд шинэчлэл хийж, үр дүнд суурилсан цалингийн шинэ тогтолцоонд шилжих, төвлөрийг сааруулах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, үүний тулд зээлийн хүүг бууруулах, том төсөл, хөтөлбөрүүдээ урагшлуулах, уул уурхайгаас гадна уламжлалт мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлыг хөндөж байлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 2019 оны төсөв Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хэрхэн нийцэж байгаа талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авсаны дараа төсвийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буй тул УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томиллоо

Мөн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарын нэрийг дэвшүүлж буйгаа танилцуулсан.


Эдийн засгийн байнгын хороо Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцээд Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлсэн Ерөнхий сайдын саналыг дэмжсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан юм.


Дараа нь гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд Дархан-Уул, Налайх чиглэлийн замыг цаг алдалгүй засах, нисэх онгоцны тийзийн үнийг хямдруулах асуудалд анхаарал хандуулах, түгжрэлийн асуудлыг цаг алдалгүй шийдэх, шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах ажлын талаар тодруулсан.


Сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Я.Содбаатар онгоцны тийзийн үнийг хямдруулах талаар яамнаас тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа гээд үүний тулд агаарын тээвэрлэгчдийн зардлыг багасгах хэрэгтэйг дурдсан. Агаарын тээврийн салбарт либеральчлал хийх асуудлыг тусгасан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, тийзийн үнийг бууруулахын төлөө ажиллана гэлээ.

Хотын түгжрэлийг шийдэх хамгийн зөв шийдэл бол нийтийн тээврийг хөгжүүлэх гэж нэр дэвшигч хэллээ. Нийтийн тээврийн парк, авто замын шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийхээс гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийг байгуулж, замын хөдөлгөөний соёлыг сайжруулах ажлууд хийгдэнэ гэсэн мэдээлэл өгсөн.


Нисэх онгоцны шинэ буудлыг ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэлээ. Мөн Налайх, Дарханы чиглэлийн замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээс гадна нийслэлийн 700 км замыг шинэчлэх, давхар зам, гүүр барих ажлыг бүх боломжоор дэмжинэ гэж хэлсэн.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Я.Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжин томиллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл