Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-08-11 16:08 Уншсан: 115

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.11) Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зохион байгуулагдлаа.



 

Завхан аймгийн хойд бүсийн хэлэлцүүлэгт Асгат, Баянхайрхан, Баянтэс, Их-Уул, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс сумдын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын 108 албан хаагч, 131 иргэн хамрагдав.

 

Хэлэлцүүлгийг УИХ-ын Байнгын хорооны Ахлах зөвлөх Х.Энэбиш хөтлөн явуулж, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн нар нээж үг хэлэв. Аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах УИХ-ын 39-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, аймгийн 24 суманд хоёр, гурав дахь шатны хэлэлцүүлэг зохион байгуулах 3 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдөр хойд чиглэлийн 9 сумын нутгийн удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцсноор сумдынхаа багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулж, багийн иргэдийн саналыг тусгуулах, хэлэлцүүлэг зохион байгуулах сургагч багш, зохион байгуулагчаар бэлтгэгдэж байгаа юм. Аймгийн хэмжээнд 360 сургагч багш бэлтгэгдэн аймгийн 24 сумын 115 багт хэлэлцүүлэг хийгдэхээр төлөвлөж байна. Иймд та бүхэн сургалт, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, сум, багтаа хийх хэлэлцүүлгийг 2017 оны 09-р сарын 01-ний дотор зохион байгуулж, тайлан мэдээг гарган аймагтаа ирүүлэх ёстой. Сум, багтаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай иргэдэд мэдээлэл өгөх, саналыг авах боломжийг ханган ажиллахыг хүсье гэлээ.



 

УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн дор явуулж байгаа билээ.

 

“Шүүх эрх мэдэл”-ийг УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албаны Ахлах зөвлөх Я.Хишигт танилцуулж, шүүх эрх мэдэлтэй холбогдсон өөрчлөлтүүдийн талаар илтгэл тавив.

 

 

 

 
















 


 

Дээрх зургаан сэдвээр тус бүр танилцуулга хийгдэж, асуулт хариултын дараа оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонсов.



 



УИХ-ын Тамгын газраас томилогдсон төсөл хэлэлцүүлэгч 1-р баг Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Галуут (2017.07.31-08.02), Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Төгрөг, Дэлгэр (2017.08.04-08.07), Завхан аймгийн Отгон, Улиастай, Тосонцэнгэл (2017.08.08-11) сумдад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав. Төсөл хэлэлцүүлэгч 1-р багийн ахлагчаар Байнгын хорооны Ахлах зөвлөх Х.Энэбиш, гишүүдээр Эрх зүйн шинжилгээний албаны Ахлах зөвлөх Я.Хишигт, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Э.Баярмаа, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Болорчимэг, Байнгын хорооны ажлын албаны референт Л.Баярсайхан, Байнгын хорооны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шинжээч Г.Хэрлэн, Мэдээллийн технологийн хэлтсийн дүрс хариуцсан ажилтан Б.Мөнх-Эрдэнэ нар ажиллав.

 

Эдгээр гурван аймагт өрнөсөн хэлэлцүүлэгт нийт 722 албан хаагч, 1,715 иргэн хамрагдсан бөгөөд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 1,401 иргэн саналын хуудас бөглөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-08-11 16:08

Хуралдааны тов