Шинэ томилогдсон ажилтнуудад зориулсан “Парламентын ажлын албаны ажил мэргэжлийн онцлог, чиг үүрэг” сэдэвт чиглүүлэх сургалт боллоо

  2021-12-17 15:04  303

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газарт шинээр томилогдсон ажилтнуудад зориулсан “Парламентын ажлын албаны ажил мэргэжлийн онцлог, чиг үүрэг” сэдэвт чиглүүлэх сургалтыг өнөөдөр (2021.12.17) зохион байгууллаа.


Сургалтад Улсын Их Хурлын даргын ажлын алба болон Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн ажилтнууд хамрагдав.

Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд Тамгын газрын ажилтнуудын ур чадварыг сайжруулах сургалтыг тогтмол хийх зорилтыг дэвшүүлсэн.  Энэ хүрээнд Парламентын судалгааны хүрээлэнгээс ажилтнуудын хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулж, батлуулсан гэдгийг Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Н.Цогтсайхан тэмдэглээд парламентын ажлын алба буюу Улсын Их Хурлын Тамгын газрын ажил мэргэжлийн онцлогийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.


Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, нэгжийн чиг үүрэг, архив албан хэрэг хөтлөх, баримт бичгийн төсөл боловсруулахад анхаарах зүйлс болон бусад газар, хэлтэстэй хэрхэн харилцаж, хамтран ажиллах талаарх мэдээллийг холбогдох нэгжийн ажилтнууд танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 


  2021-12-17 15:04  303