Байнгын хороо Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахыг дэмжсэнгүй

  2016-09-05 01:00  1908

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.09.05/ хуралдаан 16 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Цалин хөлсийг бууруулахгүй байх зарчим дэмжигдэв

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

 

Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тэрээр, Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн тодотголд Гадаад харилцааны яамны урсгал зардлыг 198.4 сая төгрөгөөр бууралсан бол Дипломат төлөөлөгчийн газрын зардлыг яагаад 1,789.7 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Энэ нь Дипломат төлөөлөгчийн газрын орон тоо, бүтэц нэмэгдсэн эсэх талаар лавлав. Мөн Батлан хамгаалах яамны албаны хүмүүсээс тус салбарын нийт зарлагыг төсвийн тодотголд 4.1 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан байгааг тодруулсан юм.

Гадаад харилцааны яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Барбаатар тайлбар хийхдээ, Дипломат төлөөлөгчийн газрын зардлыг нэмэгдүүлсэн нь валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалсан болно гэлээ. Батлан хамгаалах яамны хувьд, 2016 оны төсвийн орлого, зардлын нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, тэвчиж болох үйл ажиллагааны урсгал зардлыг бууруулах үүднээс Батлан хамгаалах сайдын багцын нийт зарлагыг төсвийн тодотголд 4.1 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан байгаа. Тухайлбал, Төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин бусад салбарын адил 20 хувиар бууруулсан. Төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг 40 хувиас хэтрүүлэхгүй байх мөн “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрт зарцуулах зардлыг 2.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцоолж төсвийн тодотголд тусгасан гэв.

Ингээд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргав. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ё-д “Авлигатай тэмцэх” гэсний дараа “Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт” гэж нэмэх санал 80 хувиар дэмжигдэв. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан БХЯ-наас гадаадад суралцаж буй оюутан, сурагчдын зардлыг хэвээр буюу 3.4 тэрбум төгрөгөөр хадгалахыг нийт оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар дэмжигдэв. Мөн Монгол ардын намын бүлгээс цалин хөлсийг төсвийн тодотголд хэвээр үлдээх буюу бууруулахгүй байх зарчмын зөрүүтэй санал 90 хувийн саналаар дэмжигдэв.

Ийнхүү Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Үүний дараа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлахад, Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хууль батлагдсантай холбогдуулан хэдэн төгрөгийн хэмнэлт салбар бүрт гарсан талаар мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хуулийн төсөлд “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 19.1-т “..10-аас доошгүй жил алба хаасан цэргийн албан хаагч тэтгэвэрт гарахад нь 36 сарын, бусад цэргийн албан хаагчид 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан заалтын үндэслэл, тооцоог тодруулсан юм.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг онцлог гэж үзэж 36 сарыг 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан харин бусад салбарын албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 12 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор өөрчилсөн байгаа. Улсын хэмжээнд нийт 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарахаар тооцож байна гэж Сангийн яамнаас тайлбар хийв. Харин Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сайханбаяр тус салбарт 3.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэлээ.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Монгол ардын намын бүлгээс аливаа цалин, тэтгэвэртэй холбоотой асуудлыг дэмжихгүй гэсэн улстөрийн шийдвэр гаргасан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2016-09-22 23:53  1908