Цэс

Холбоо барих

“Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдал”-ын тухай хуулийн төслийг ЕАБХАБ-аас сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв

   

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны удирдлагаас “Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдал”-ын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгааг сайшаан, захидал ирүүллээ. 

Уг  захидалд хуулийн төсөлд шаардлагатай дүн, шинжилгээ хийхэд бүх талын дэмжлэг үзүүлж, Улсын Их Хуралтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албанаас мэдэгдсэн байна.

Мөн хуулийн төсөл өргөн барьсныг сайшаасан талаараа НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба цахим хуудсандаа онцлон тэмдэглэжээ. Энэ талаар Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал хариуцсан тусгай илтгэгч Мэри Лаулор Монгол Улс нь бүс нутагтаа манлайлагч болох боломжтой гэдгийг дурдахын зэрэгцээ Хүний эрхийн хамгаалагчид өөрийн үйл хэргээ үргэлжлүүлэхэд ихээхэн тус болох энэхүү чухал хуулийн төслийг дэмжиж, батлахыг Монголын парламентад суудалтай улс төрийн нам, бүх гишүүдэд  уриалсан байна.

Цааш нь тэрбээр хуулийн төсөл батлагдвал тус бүс нутагт хэрэгжих ийм төрлийн анхны хууль болох бөгөөд энэ нь Монгол Улсын хүний эрхийн төлөө тууштай ажиллаж буйн тод илэрхийлэл болно" гэжээ. 

Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл