Цэс

Холбоо барих

Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.15) хуралдаан 15 цаг 43 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Ирэх оны үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. 


Үндсэн чиглэлийн төсөлд татварын шинэчлэлийг эхлүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бий болгох, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүн гарна гэж тусгажээ. Түүнчлэн эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 6.1 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас ихгүй байх аж. Үндсэн чиглэлд тусгагдсан 20 зорилт, 123 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад эх үүсвэр, хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан  байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан Н.Энхболд, Д.Оюунхорол нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. 


Гишүүдийн зүгээс  эдийн засаг, нийгмийн 2019 оны үндсэн чиглэлийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ 2019 онд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэхээр тооцож байгаа нь хэр бодитой болох, мөн энэ жилийн эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай байгааг лавлаж байлаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Засгийн газар эдийн засгийн зөв бодлого явуулсан нь үр дүнгээ өгч байна. 2018 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг 6,1 хувиар өссөн. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал нөхцөл байдал сайжирсан. Цаашдаа энэ бодлогоо үргэлжлүүлбэл, эдийн засгаа тогтворжуулж, хөрөнгө оруулалтын олон асуудлыг шийдэх боломж байгаа. Иймд 2019 онд эдийн засгийн бодит өсөлт 8 хувьд хүрнэ гэж тооцодлсон гэж байлаа.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд 2019 оны нэгдсэн төсөв хэлэлцэх үед зэвсэгт хүчний техник хэрэгслийг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг Байнгын хорооны гишүүд анхааралдаа авахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ОБЕГ-ын гал унтраах техник хэрэгслийг шинэчлэх, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих талаар үг хэллээ. Ингээд УИХ-ын тогтоолын төслийн талаархи Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаархи  Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан. 


Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ.

Нэр дэвшигч О.Энхцэцэг нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг тус тус төгссөн. 1984-1988 онд ГХЯ-ны Хоёрдугаар хэлтэст дэд атташе, 1988-1992 онд тус яамны Олон улсын байгууллагын газарт атташе, 1992-1997 онд Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1997-2000 онд Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, 2001-2007 онд тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2007-2012 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, 2012 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал,  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Судалгааны төвийн захирал, 2013-2014 онд Олон улсын байгууллагын газарт зөвлөх,  2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны 0З дугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд  31 жил тус тус ажиллажээ.

Нэр дэвшигч Д.Батжаргал  нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль, 2002 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989-2002 онд Улсын банкны ерөнхий хороонд програм зохиогч, төслийн удирдагч, эдиин засагч, Зээлийн мэдээллийн сангийн ахлах ажилтан, 2002-2006 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөх, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын референт, 2007-2009 онд ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 2009-2011 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх, 2011-2012 онд Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, стратегиийн газарт зөвлөх, 2014-2016 онд тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2016 оны 08 дугаар сараас Монгол Улсаас Япон Улсад  суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байв. Төрийн албанд 28 жил, дипломат албанд 11 жил тус тус ажилласан.

Нэр дэвшигч Я.Ариунболд нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 2003 онд Япон Улсын Кюүшү их сургууль, 2005 онд Компьютерийн техник, менежментийн сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1996-2000 онд ГХЯ-ны Консулын газарт атташе, 2000-2002 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд атташе, 2002-2008 онд ГХЯ-ны Консулын газрын дэд захирал, 2008-2011 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 2011-2013 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бус Хонконг хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт зөвлөх, 2014-2016 онд  тус яамны Гадаад сурталчилгаа мэдээллийн газрын дэд захирал, 2016 оны 08 дугаар сараас Консулын газрын захирлаар ажиллаж байв. Төрийн болон дипломат албанд 22 жил тус тус ажилласан.

Нэр дэвшигч Н.Тулга  нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1987 онд Австралийн Холбооны Улсын Монашийн их сургуулийг тус тус төгссөн, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой. 1987-1990 онд ГХЯ-ны Төлөвлөлт, боловсруулалтын хэлтэст туслах ажилтан, 1990-1992 онд Нэгдүгээр хэлтэст атташе, 1992-1995 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд атташе, 1995-1998 ГХЯ-ны Ази, Африкийн газарт атташе, 1999-2000 онд тус яамны Улс төрийн газарт мэргэжилтэн, 2000-2001 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2001-2005 онд ГХЯ-ны Эрх зуй, консулын газарт зөвлөх, 2005-2008 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, 2008-2009 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт зөвлөх, 2009-2011 онд Үндэсний аюулгуй байдлын зөвлөлд ахлах референт, 2011-2012 онд Сингапур Улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөх, 2012 онд ГХЯ-ны Стратеги төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт зөвлөх, 2012 онд Америк, Ойрхи дорнод, Африкийн газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2012-2013 онд Олон улсын байгууллагын газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2013-2017 онд Монгол Улсаас ИБУИНВУ-Д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2017 оны 05 дугаар сараас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн болон дипломатын албанд 29 жил тус тус ажиллаж байгаа аж.


Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Я.Санжмятав  нар  нэр дэвшигчид болон Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөс асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Н.Оюундарь, Х.Нямбаатар нар үг хэллээ. Гишүүд Элчин сайдаар томилогдвол хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй, бүтээлчээр ажиллах, дипломат албаны ёс зүйг чанд сахиж ажиллахыг нэр дэвшигчдэд захилаа. Түүнчлэн тухайн улс оронд сурч ажиллаж амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээгээр эх орондоо хөрөнгө оруулж байгаа гэдгийг санан, тэднийхээ эрх ашгийг хамгаалах,  тусалж дэмжих үйлчилгээ үзүүлж, энэ талын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг захиж байлаа.

Ингээд Монгол Улсаас зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8-100 хувийн дэмжлэг авав. Мөн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл