Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.06.17-23/


УИХ-ын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. 2019.06.17 http://www.parliament.mn/n/u6wo

 

УИХ-ын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон ажлын дэд хэсгийн гишүүд 21 аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй теле хурал зохион байгууллаа. 2019.06.17 http://www.parliament.mn/n/u4wo

 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм. 2019.06.18 http://parliament.mn/n/zkwo

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Дараа нь  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс хасч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг оруулахаар дэмжив. 2019.06.18 http://parliament.mn/n/s6wo

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2019.06.18 http://parliament.mn/n/znwo

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд “2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсов. Үргэлжлүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р. Отгонжаргал мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, Байнгын хорооны тогтоолд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлэх, бүтэц орон тоог нэмэгдүүлэх болон иргэдэд хар тамхи болон түүнтэй холбоотой гэмт хэргийг талаар мэдээлэл олгох чиглэл тусгагдсан гэв. 2019.06.18 http://www.parliament.mn/n/zqwo

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Инновац ба хөрөнгө оруулалт” сэдэвт форум зохион байгуулагдав. (2019.06.19)  Энэхүү арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судлагааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши, Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким нарыг өнөөдөр (2019.06.20) Шинжлэх ухааны технологийн их сургуулийн “Хүндэт профессор” цолоор шагнав. http://www.parliament.mn/n/akwo

 

Өнгөрөгч тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороодод ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өгч байсан билээ. Үүний дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаа хийж, “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг сонсож, холбогдох албаныханд чиглэл өгсөн юм. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгалаа. 2019.06.19 http://www.parliament.mn/n/a1wo

 

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаны хүмүүс сургуулийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, эцэг, эхчүүд, сургуулийн удирдлагуудтай уулзсан билээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар газрын асуудлыг яаралтай шийдэж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурах эрхийг хангах хугацаатай үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгч байсан юм. Энэ дагуу 920 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын холбогдох албан тушаалтнууд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн төлөөлөл, 133 дугаар сургуулийн багш ажилтнууд оролцлоо. 2019.06.19 http://www.parliament.mn/n/aqwo

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы Мягмар (2019.06.18) гарагийн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Тус ажлын хэсэг өнөөдөр (2019.06.19) хуралдав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дээрх тогтоолыг дэлгэрэнгүй танилцууллаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж ажиллах бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд багтжээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар УИХ-ын Д.Лүндээжанцанг томилсон юм. http://www.parliament.mn/n/anwo

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Инновац ба хөрөнгө оруулалт” форумд оролцож, уг арга хэмжээг нээн үг хэллээ. Тэрбээр энэхүү форумыг санаачлагч нь юм. 2019.06.20 http://www.parliament.mn/n/3nwo

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэллээ. Хэмжил зүйн тухай хууль нь 6 бүлэг 24 зүйлээс бүрдэх бөгөөд бодлогын шинжтэй онцлог зохицуулалтуудыг тусгасан байна. Тухайлбал, Олон улсын систем (SI)-ийн хэмжлийн нэгжийг Монгол Улсад цаашид үргэлжлүүлэн хэрэглэх, эдийн засгийн бүхий л салбарт ашиглаж байгаа өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгслүүд дээд шатны нарийвчлалын ажлын, анхдагч ба улсын эталон, стандартчилсан загвартай харьцуулан дүйлгэж шалгадаг байхаар хуульчилжээ. http://www.parliament.mn/n/3kwo

 

УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нар Улсын Их Хурлын гишүүдийг тойрог, орон нутагт ажиллахад дэмжлэг үзүүлэх, иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж ажиллах УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзан, чиглэл өглөө. 2019.06.20 http://www.parliament.mn/n/a6wo

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь 2019 оны зургадугаар сарын 19-нөөс эхлэн сонгогдсон тойрогтоо буюу Сэлэнгэ аймгийн ард иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийхийн зэрэгцээ иргэдийн саналыг сонсон ажиллалаа. 2019.06.21 http://www.parliament.mn/n/4kwo

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сонгогчдодоо танилцуулан тойрогтоо ажиллаж, “Үндсэн хуульд улс төрийн намаас нэр дэвшүүлэхээ болъё гэдэг өөрчлөлт оруулах гэж байна. Ард иргэд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд өрсөлдөг. Үр дүнд нь иргэд өөрсдийнхөө хүссэн хүнийг сумынхаа Засаг даргаар сонгодог болно” гэж онцлоод, “давхар дээлийг тайлах”, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, шүүхийн хараат бус ажиллагааг бүрдүүлэх,  УИХ-ын гишүүдийн болоод гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг заалтуудыг дэлгэрэнгүй тайлбарлан танилцууллаа. 2019.06.21 http://www.parliament.mn/n/4qwo


УИХ-ын гишүүн Я.Санжмятав Төрийн ордонд тойргийнхоо сумдын багийн Засаг дарга нарт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. 2019.06.21 http://www.parliament.mn/n/4swo

 

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцууллаа. Үндсэн хуулийн одоогийн заалтыг төслийн заалттай харьцуулан дэлгэрэнгүй танилцуулсан мэдээллийг авсныхаа дараа иргэд санал бодлоо илэрхийлэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж байв. 2019.06.21 http://www.parliament.mn/n/46wo

 

Улсын Их Хурлын гишүүд Төрийн ордонд тойргийнхоо сонгогчдод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар болон Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах,  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаад байгаа талаар танилцуулав. 2019.06.21 http://www.parliament.mn/n/5nwo

 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хорооны иргэдтэй уулзаж, төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Хууль зүйн ухааны доктор, судлаач Б.Гүнбилэг нар оролцож, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. 2019.06.21 http://www.parliament.mn/n/44wo

 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан УИХ-ын сонгуулийн 63 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцууллаа. 2019.06.21 http://www.parliament.mn/n/5gwo

 

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгт ажиллан, 3, 4, 5, 6, 26 дугаар хорооны иргэдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 2019.06.22 http://www.parliament.mn/n/5swo

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүргийн 9, 25 дугаар хорооны иргэдтэй уулзаж, төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 74 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7,9,24,25 дугаар хорооны иргэдийг УИХ-д төлөөлж байгаа юм. 2019.06.22 http://www.parliament.mn/n/5kwo

 

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. 2019.06.23 http://www.parliament.mn/n/51wo

 

 

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл