Цэс

Холбоо барих

ТБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.23) хуралдаан 9.00 цагаас гишүүдийн 73.7 хувь нь ирцэд бүртгүүлснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Ингээд Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 1 дүгээр зүйлийн “усалгааны” гэсний дараа “хүлэмжийн” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар төслийн 3 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс эхлэн” гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 3 дугаар зүйлийн “2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг” гэснийг “2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.


Хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгдээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа. Иймээс хууль санаачлагч импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.

Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ.

Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзэж Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлээд байгаа юм.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлж, зарчмын зөрүүтэй зарим санал гаргасныг санал хурааж шийдвэрлэн энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл