Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2016-10-05 17:10 Уншсан: 842

Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэх, сурталчилах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүдийн төсөлд олон нийтийн саналыг авах, хууль, бусад шийдвэрийг тайлбарлан таниулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

7.1.Мэдээлэл, сурталчилгааны алба

Мэдээлэл, сурталчилгааны алба нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг эрхлэн гаргах чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, сурталчилах бодлого, чиглэлийг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулах;

 

2/Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Хорооны хуралдааны явц, дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааны тухай танилцуулга, сурталчилгааны бусад материал бэлтгэн нийтлүүлэх, эмхэтгэж хэвлүүлэх;

 

3/Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох болон цаг үеийн асуудлаар мэдээлэл, мэдэгдэл, тайлбар хийх зэргээр УИХ-ын албан ёсны байр суурийг удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу илэрхийлэх;

 

4/Улсын Их Хурал, Хороо, Тамгын газрын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу батлагдсан хууль тогтоомж болон Улсын Их Хурал, Хороо, Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой хэвлэлийн бага хурал хийлгэх, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох бусад хүмүүсийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгүүлэх ажлыг зохион байгуулах;

 

5/Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон гэрэл зургийн архив бүрдүүлэх, дуу-дүрсний /видео/ сан байгуулах;

 

6/“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг эрхлэн гаргах. Батлагдсан шийдвэрүүдийг хэвлэхийн өмнө ёсчилсон эх хувьтай нь тулган хянаж, алдаагүй хэвлүүлэх асуудлыг хариуцах;

 

7/Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх, иргэдийн санал бодлыг авах телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд хүргэх;

 

8/Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж сурталчилах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах;

 

9/парламентын сэтгүүлчдэд сурвалжлах эрхийн үнэмлэх олгох, мэдээллээр хангах асуудлыг хариуцан зохион байгуулах;

 

10/Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчилах ажлыг хариуцан ажиллах.

7.2.Студи

Студи нь телевизээр цацагдах Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг, ярилцлага бэлтгэх, олон нийтэд хүргэх үндсэн чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

 

1/Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаа, Улсын Их Хурлын болон Хороодын удирдлага, гишүүд, Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой дүрст мэдээлэл бэлтгэх;

 

2/Улсын Их Хурлын даргын уулзалт, арга хэмжээ, гадаад дотоод томилолтын дүрст мэдээллийг бэлтгэх;

 

3/Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгуудтай хийсэн гэрээ, батлагдсан төлөвлөгөөний дагуу Улсын Их Хурлын үйл ажиллагааны тойм, хууль сурталчилах нэвтрүүлэг бэлтгэх, тараах;

 

4/Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын ажлын хэсгийн гишүүд, судлаачид, иргэдийн санал бодлыг олон нийтэд хүргэх ярилцлагыг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх;

 

5/Улсын Их Хурал, Улсын Их Хурлын удирдлага, Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой дүрст мэдээллийн архив бүрдүүлэх.


Үүсгэсэн: 2017-02-04 17:02

Хуралдааны тов