“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

  2020-09-04 16:03  532


Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын санаачилгаар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.09.04/ боллоо.  Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг их дээд сургуулиуд,  Нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, Боловсролын реформ хөдөлгөөн зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо. 




УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. “Монгол Улс Ерөнхий боловсролын сургуулийнхаа Үндэсний хөтөлбөрийг өөрийн хэрэгцээ, шаардлага, зорилгод нийцүүлэн сайжруулж авч явах ёстой, үндэсний үнэт зүйл, хүний эрх, тэгш хүртээмжийг дээдэлсэн бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй. Нийт сургуулийн 721 нь ердийн, 15 нь мэргэжлийн, 70 нь гүнзгийрсэн, 6 нь тусгай, 8 нь олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Улсын хэмжээнд 2 сургуулийн 9 бүлэгт 308 сурагч 3 ээлжид хичээллэж байгаа бөгөөд бүлэг дүүргэлт зохих хэмжээнээс хэтэрсэн нийслэлийн 35 сургууль, аймгийн 6 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэдэн тоо Та бидэнд байгаа байдалдаа дүгнэлт хийж, хөрсөн дээрээ бууж, асуудалд бодитоор хандах хэрэгтэй байгааг сануулж байна'' хэмээлээ. 




УИХ-ын гишүүн, БСШУБХ-ны дарга Ж.Мөнхбат боловсролын салбарт улс төржилт байх ёсгүй. Бүгд хэлэлцэж, зөвшилцөж зөв гаргалгаа гаргах учиртайг онцлоод цаашлаад хэд хэдэн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, намрын ээлжит чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэх төлөвлөгөөг танилцууллаа. 




УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Төрөөс баримтлах боловсролын бодлого хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгоход анхаарах, ашгийн бус сургалтын байгууллагыг төрөөс дэмжих, багшийн нийгэм дэх үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангахад чиглэх ёстой” гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлж, хэлэлцүүлгийг удирдан явуулсан юм. 



Хэлэлцүүлэгт тавьсан зарим илтгэлээс онцолбол доктор, профессор, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очир “Боловсролын колоничлол” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ “Англи-Америкийн мэдлэгийн колоничлол хүч түрж байна. Колоничлолын мэдлэгийн үр дүнд Үндэстний үнэгүйдэл бий болдог. Жишээлбэл сонгодог урлаг бол урлаг, Ардын урлаг урлаг биш. Европ эмнэлэг бол эмнэлэг, Ардын уламжлалт эмнэлэг эмнэлэг биш болох зэрэг  Үндэстний өв соёл үнэгүйдэх аюултайг онцолсон юм. 




Үүний дараа  доктор, дэд профессор, МУБИС-ийн багш С.Түмэндэлгэр “Бүх нийтийн боловсролын үйлчилгээг шударга ёсны үүднээс хэлэлцэх нь”  сэдэвт илтгэлийг тавилаа. Тэрбээр илтгэлдээ боловсролын салбарт хийгдэж буй санхүүжилтийн асуудлыг хөндсөн юм. Өөрөөр хэлбэл нийтийн хөрөнгөнөөс Кембрижийн хөтөлбөрийг нэмэлт өртөгтэйгөөр санхүүжүүлэх үү, эсвэл нийтийн хөрөнгөөр бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах уу зэрэг асуудлыг илтгэлдээ онцоллоо. Мөн “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч  Д.Тунгалаг Кембрижийн хөтөлбөр: Үйл явц, үр дагавар”, МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирал П.Түвшинтөр “Монголын боловсролын тогтолцоог сайжруулах арга зам” сэдвээр илтгэлүүдийг тус тус тавилаа.


 



Ингээд оролцогчид дурдсан илтгэлтэй холбоотой асуулт хариулт, санал шүүмж хэлж, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Учрал тэгш боловсрол чухал байгааг онцлоод, дэлхийд өрсөлдөх чадвартай ирээдүйг бэлдэх учиртайг санууллаа. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан.Гэтэл хэдхэн сургуульд Кембриж хэмээн гадны үнэтэй хөтөлбөрийг авч төсвийн мөнгөөр боловсролын ялгаатай байдлыг үүсгэж болохгүй хэмээн шүүмжилсэн юм.  Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид  чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж, бүх шатны боловсролын залгамж холбоог хангасан Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах ёстой гэж саналаа хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 






  2020-09-04 15:48  532