Төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 13 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухайхуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийнтухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан төслийн талаар танилцууллаа.
Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгааг, манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгааг танилцуулгын эхэнд дурдлаа.
Нөхцөл байдал хэдийгээр хүндхэн байгаа ч Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байна. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөлснийг төслийн танилцуулгад тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.
Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, мөн төслүүдтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан хүнд, хортой нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гарсан, нийгмийн шилжилт, төгрөг, инфляцын өөрчлөлтөөс үүдэн өдгөө бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч буй ахмадуудад төрөөс олгох нөхөн олговорыг нь шийдвэрлэх чиглэлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох бусад байгууллага анхаарч ажиллахыг санууллаа. Түүнчлэн Монголбанк, Сангийн яам инфляцыг бууруулах чиглэлд идэвх, санаачилгатай ажиллаж холбогдох судалгаа, тооцоог хийж, аж ахуйн нэгж, бизнесүүдийн үйл ажиллагааг дэмжих бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг жил бүрийн инфляцтай уялдуулж нэмэгдүүлэхээр холбогдох бодлогын баримт бичгүүдэд тусгасан бөгөөд үүнийг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Баримталж ирсэн зарчим, тогтолцоондоо нөлөөлөхүйц хэлбэрээр тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх нь инфляцыг хөөргөх, үнийн өсөлтийг нэмэгдүүлэх эрсдэл дагуулдаг болохыг сануулав. Мөн тэрбээр, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох тохиолдолд тэтгэвэрийн доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас илүүгүй байна гэсэн зарчмын дагуу ойрын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 670 мянган төгрөг болгох шийдвэр гаргах шаардлагатай болж байгааг хэллээ. Ийнхүү тэтгэврийн болон цалин хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр төсөвт ирэх ачаалал, цалин олгож буй төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд үүсэх асуудлуудыг тооцох ёстойг анхааруулсан. Ийнхүү богино хугацаанд огцом нэмэгдүүлснээр бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсдэг, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл үр ашиггүй болох эрсдэл үүсдэг. Тиймээс холбогдох байгууллагууд шийдвэр гаргахдаа хойшдын нөлөө, үр дагаварыг тооцож, өгөөжийг нь бодит байлгахад анхаарч ажиллах ёстойг сануулсан юм. Төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ С.Бямбацогт дарга Хөдөлмөр, ниймгийн хамгааллын яам, Сангийн яам болон холбогдох байгууллагад тодорхой асуудлаар чиглэл өглөө.
Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 1 дүгээр тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн зарим гишүүний албан тушаал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор орон гарсан тул дээрх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.
Байнгын хорооны тогтоолын төслийн талаарх С.Бямбацогт даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 9 нь дэмжснээр дээрх тогтоолыг баталлаа. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.