УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гынтэй уулзлаа

  2016-07-28 01:00  356

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2016.07.28/ уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Ү Юүн Гынд урилга хүлээн авч Монгол оронд айлчилж байгаад талархал илэрхийлээд, “гуравдагч хөрш” БНСУ-тай хөгжүүлж буй “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөгийг онцоллоо.

Тэрбээр хоёр орны улс төрийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд, парламентын спикер, гишүүд, Тамгын газрын удирдлагын харилцан айлчлал, улс төрийн яриа х‎элэлцээ сүүлийн жилүүдэд тогтмолжиж байгаад баяртай байдаг гэлээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Тамгын газруудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн.

Мөн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн санхүүжилтээр УИХ-д “Цахим парламент” төсөл амжилттай хэрэгжсэнийг дурьдаад, төслийн үр дүнд УИХ-ын чуулганы танхим, байнгын хороодын хуралдааны танхим дахь ирц, санал хураалт, дуу, дүрсний систем бүрэн цахимжиж, хуралдааны үйл явц илүү хялбар, түргэн шуурхай болсныг тэмдэглэн хэлсэн.

Тэрбээр, “Цахим парламент” төсөл нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын хооронд 2010 онд байгуулагдсан хамтын ажиллагааны протоколын зүйл заалтыг ажил хэрэг болгосон бодит жишээ бөгөөд энэхүү протоколыг өнөөдөр Та бид хоёр шинэчлэн байгуулж, гарын үсэг зурах гэж байгаадаа баяртай байна” гэлээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын хоёр орны парламентын Тамгын газруудын өмнөх нарийн бичгийн дарга нарын ажлыг үргэлжлүүлэн, Тамгын газар хоорондын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, Тамгын газар хооронд шинэ нягт харилцаа үүснэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ. Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүнээр 12 жил ажилласан бөгөөд Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын даргын хувиар өнгөрсөн жил Монгол Улсад айлчилж байжээ. Эрхэм зочин монгол орон төрсөн нутаг шиг дотно санагддаг гээд хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэх, цахим парламент төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна хэмээн хэлсэн юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон уулзалтын үеэр 2016 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн хатагтай Пак Юунок, 7 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ оролцсон нь дээрх уулзалтуудад болон Монгол Улстай харилцах харилцаандаа БНСУ өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэж үзэн талархал илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2016-09-22 23:39  356