Чуулганы хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат тангарагаа өргөж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сонголоо

  2021-03-18 14:50  286



    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 51 гишүүдийн  ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сонголоо

    Нэгдсэн хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.

    Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Т.Доржханд, Д.Өнөрболор Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар нар асуулт асууж тодруулан хариулт авч, байр сууриа илэрхийлэв.


    Асуулт асууж, үг хэлсэн гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн Ж.Мөнхбатыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай хуулиин төслийг хэлэлцэхэд  Байнгын хороо анхаарч ажиллах ёстойг захилаа. Мөн Үндсэн хуулиа хэлбэрэлтгүй даган мөрдөж,  төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх,  хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллахыг анхааруулав.

    Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71,6 хувь нь  дэмжив.  

"Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж батлав


    Хуралдаан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулав. 

  Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулахаар тогтсон. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байх нь сонгуулиудыг зохион байгуулж явуулах зарим үйл ажиллагааны хувьд эрх зүйн орчны болон цаг хугацааны хувьд харилцан адилгүй зохицуулалттай байгаагаас шалтгаалан зохион байгуулалтын хувьд үүсч болох хүндрэл, шаардлага байгаа тул санал авах өдрийг хойшлуулах тухай санал ирүүлснийг үндэслэн тус Байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг хойшлуулан тогтоох асуудлыг хэлэлцэж, санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байхаар тогтож, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Энхболд нар Улсын Их Хурлын нөхөн сонгууль, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр нэг боловч, сонгууль явагдах хууль тогтоомж, зохицуулалт өөр учраас Сонгуулийн ерөнхий хорооны саналыг дэмжих нь зүйтэй талаар саналаа илэрхийлсэн болно. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байна. 

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг тус тусад нь явуулах болсны шалтгааныг тодруулахын зэрэгцээ зардлын тооцоог илүүтэй тодруулж байлаа. 


    Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нөхөн сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрийг өнгөрөгч оны 12 дугаар сард шийдэхдээ нэг өдөр санал хураалт явуулахаар зохицуулсан. Үүний шалтгаан нь зардлыг хэмнэхэд чиглэсэн.  Хоёр сонгуулийг тусад нь хийвэл  зардал  их гарах нь ойлгомжтой. Зардлын тооцоог цагдаагийн байгууллага болон улсын бүртгэлийн байгууллагаас авч дахин тооцоолол хийж, УИХ-д удахгүй танилцуулахаа мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр, сонгуулийг тусдаа хийх болсон гол шалтгаан нь хоёр өөр зохицуулалттай хуулиар нэг өдөр санал авах ажлыг хийхэд зохион байгуулахад санал тоолох төхөөрөмжөөс эхлээд техник хэрэгслийн хувьд хүндрэлтэй байгааг тодотгож байлаа. 

    Ингээд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 51,5 хувь нь дэмжсэн юм.   

 

Элчин сайдыг эгүүлэн татах саналыг дэмжсэнгүй

Дараа нь Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар тус тус танилцуулсан.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр ирүүлснийг Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулгадаа онцлоод Элчин сайд Ё.Отгонбаярын томилогдон ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй гэдгийг тодотгов.


Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар суугаа улсын хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улстөржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй гэдгийг танилцуулгадаа дурдав. 

Элчин сайдыг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулгадаа онцолсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар Н.Алтанхуяг, Ш.Адьяшаа, Д.Ганбат, С.Ганбаатар, Л.Энх-Амгалан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ажиллагаа зохион байгуулаад, үүнийг УИХ-аар хэлэлцээд сууж байгаа нь монгол төрийн  чадавхыг бууруулж байгааг анхааруулж байлаа.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Элчин сайдын яамны албаны цахим хаягуудад нэвтрэх, нууц үг болон интернетийн компанитай хийсэн гэрээ, тухайн компанитай харилцах эрхийг элчин зөвлөх хариуцдагийг тодотгоод, энэ асуудалтай холбоотой тайлбарыг холбогдох албан тушаалтнуудаас авч, Элчин зөвлөхийн асуудлаар ойрын хугацаанд шийдвэр гаргана гэдгээ мэдэгдлээ. 

    Ингээд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёндонгийн Отгонбаярыг эгүүлэн татахыг дэмжээгүй Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөлөө

    Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслол боллоо. Уг үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр суурийг илэрхийлэв. 


    Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Монгол Улсын төрийн эрх барьдаг дээд байгуулага - Улсын Их Хурлыг сонгон бүрдүүлдэг Улсын Их Хурлын сонгуулийн үеэр гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүнийг цагдан хорьж, шүүхээс ял оноосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуулиудыг ноцтой зөрчсөнийг тухайн үед нь Улсын Их Хурлын даргын хувьд мэдэгдэл гаргаж байснаа онцлов.

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол УИХ шийдвэрлэхээр заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.7-д Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө гэж, тангараг өргөхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, үг хэлэхгүй гэж заасныг дурдаад Монгол Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолыг эхлүүллээ. 


    Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаарт тойрогт нэр дэвшиж Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авав. Ингээд Улсын Их Хурлын гишүүний  бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцсоноор чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2021-03-18 13:51  286