ЁЗСХБХ: Төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

  2022-01-29 12:08  226

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 10 цаг 34 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар, Улсын онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зөвлөмж, шийдвэрийг баримтлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан цахим хуралдааны дэгийн дагуу байнгын хорооны хуралдаанд гишүүд танхим болон цахим хэлбэрээр оролцов.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийлээ.

Тэрбээр, Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа.

Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв  хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэдгийг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, иргэд тэтгэвэр яг ямар шатлалаар нэмэгдэх талаар хамгийн их асууж байна. Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн тэтгэврийг 15 хувиар нэмнэ гэж заасан. Гэтэл 425.000 төгрөгийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхэд 490 орчим мянган төгрөг болно. Энэ нь зорилтод 500.000 төгрөг хүрэхгүй, нөгөө талаар 490.000 төгрөгийн тэтгэвэр 10.000 төгрөгөөр нэмэгдэх үү, мөн халамжийн тэтгэвэр нэмэгдэх эсэхийг тодруулсан юм.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүний асуултад өгсөн тайлбартаа, өнөөдрийн байдлаар 385 мянган хүн бүрэн тэтгэвэр авч байгаагаас 300 мянга орчим хүн 500.000-аас доош төгрөгийн тэтгэвэр авч байна. Эдгээр иргэдийн тэтгэврийг 500.000 төгрөгт хүргэнэ. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400.000 төгрөгт хүргэнэ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийг 84 мянган иргэн авч байна. Гишүүний асууж буй 490.000 төгрөгийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж олгохоор тооцсон. Халамжийн тэтгэврийн тухайд 288.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Цаашид тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлж байхаар төлөвлөсөн гэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудаас Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар тодруулга авав.

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хариултдаа, “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банктай холбоотой нийт 8 үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан. Эдгээр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Мөн тодорхой хэргүүд дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирол барагдуулсан болон зээлийг эргэн төлүүлсэн талаарх тодорхой мэдээллийг АТГ-ын албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэлээ.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүдээс хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

 

 


  2022-01-29 12:00  226