“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 10 дугаарын тойм

  2018-03-13 16:01  137

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлсэн байна.


Хуульд стандарт, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх нэр томьёог олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гадаад худалдаанд өргөн хэрэглэгддэг онцлогийг харгалзан уг хуульд зааснаас бусад нэр томьёог Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр, олон улсын стандартын байгуулллагын баталсан стандарт, аргачлалд заасны дагуу ойлгож хэрэглэхээр тусгажээ.

Стандартчиллын баримт бичигт үндэсний стандарт, байгууллагын стандарт, олон улсын болон бүс нутгийн стандарт, зөвлөмж, тэдгээрт нийцүүлэн гаргасан гадаад улсын стандарт хамаарах, үндэсний стандартыг сонирхогч талууд зөвшилцлийн үндсэн дээр боловсруулж, стандартын асуудал хариуцсан агентлаг батлахаар, байгууллагын стандартыг аж ахуйн нэгж, байгууллагууд үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлтэд шаардлагад нийцүүлэн боловсруулж хэрэглэхээр тусгасан байна. Энэ шаардлагыг хангаагүй стандартаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хоригложээ.

Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд заавал хамруулах бөгөөд уг бүтээгдэхүүний жагсаалт, Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батлах аж. Тохирлын үнэлгээг итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгуулага хийх ба үүнд лаборатори, техникийн хяналт, баталгаажуулалтын байгууллага хамаарна. Гадаад улсын итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх бол Шадар сайдын дэргэд ажиллах Итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлэхээр хуульчилжээ.

Уг хууль батлагдсанаар хэрэглэх стандартаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө сонгох боломж бий болсноор дэвшилтэт техник технологиор бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон улс, бүс нутаг, гадаад орны стандартыг сонгон хэрэглэх эрх нээлттэй болж байгаа юм байна.

Мөн дугаарт дээрх хуулийн хамт батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Боловсролын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай зэрэг хуулиуд, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-03-15 16:01  137