“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 40 дэх дугаарын тойм

  2013-10-25 00:00  254
Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхэтгэлийн шинэ дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.
Мөн Шүүгчийг сонгон шалгаруулах журам батлах тухай зарлигийг бүрэн эхээр нь нийтэллээ. Уг журмаар, бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчдийн албан тушаалд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдийг бүртгэх, дүгнэх, сонгон шалгаруулах, өргөн мэдүүлэх арга ажиллагааг зохицуулах ажээ.
Журамд, сонгон шалгаруулалтыг хэрхэн зарлах, нэр дэвшигчийг бүртгэх, нэр дэвшигчдийг ямар шалгуураар үнэлж дүгнэх, мөн үүнээс гадна шүүгчээр ажиллах түүний дотор давж заалдах шатны, хяналтын шатны, болон Ерөнхий шүүгчээр ажиллах мэдлэг, чадварыг хэрхэн дүгнэх зэрэг асуудлыг нарийн журамласан байна. Түүнчлэн мэргэжлийн ёс зүйн төлөвшил, шударга ёсыг эрхэмлэх, бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагыг нэр дэвшигч хэрхэн хангасныг асуулгын болон тохиолдол шийдвэрлүүлэх аргаар дүгнэх ажээ.
Журмаар шүүгчээр ажиллах зан төлөвийг хэрхэн тодорхойлохыг журамласны зэрэгцээ Мэргэшлийн хороо нэр дэвшигчийн үнэлгээг хэрхэн гаргах, нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, өргөн мэдүүлэх асуудлыг тусгажээ.
Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Шүүхийн мэргэшлийн хорооны дүрмийг баталсан Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв. Үүгээр Мэргэшлийн хороо түүний бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлэх, тус хорооны чиг үүрэг ямар байх, гомдлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг зохицуулжээ.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийг баталсан Зарлиг гаргасан байна. Үүнд Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүн түүний чиг үүрэг ямар байх, гомдлыг хэрхэн хүлээн авч шалгах, гомдлыг хуралдаанаараа хэрхэн хянан хэлэлцэх, нийт гишүүдийн хуралдааныг хэрхэн зохион байгуулах, ямар шийдвэр гаргах зэрэг асуудлыг тусгажээ.
Шинэ дугаарт, Зарим шүүгч, Ерөнхий шүүгчдийг албан тушаалаас чөлөөлж, шүүхийн өөр албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.
Эмхэтгэлд “Зөв монгол хүүхэд” Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ. Үүгээр хөтөлбөрийн зорилго, зарчмыг тодорхойлсны зэрэгцээ хөтөлбөр хэрэгжих хугацаа, бүтэц, тус хөтөлбөрийн хүрээнд ямар дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт ямар байхыг тогтоосны хамт хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тусгажээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2013 оны 10 дугаар сарын 25

  2016-09-23 04:00  254