Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 26 дугаарын тойм


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Оюуны өмчийн тухай хууль нийтлэгдлээ. Уг хуулиар оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулсан байна. 

    Түүнчлэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай”,  “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор  6 аймгийн 14 сумын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 9 газар нутгийг шинээр болон өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авсан бол  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын зарим хэсгийг хамруулан өртгөтгөж, уг тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг ахиулан дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

   Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй “Шинэ Зуунмод” болон “Майдар” хотыг шинээр байгуулснаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй агаар, ус, хөрсний бохирдол, сөрөг нөлөөг бууруулах, олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн тодорхой салбаруудыг тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалыг дэмжих зорилготойгоор “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан байна. 

    Мөн эмхэтгэлийн энэ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай зарлиг, Монгол Улсын Засгийн газрын Журам батлах тухай,  Жагсаалт батлах тухай тогтоолуудыг нийтэллээ.  

    Журам батлах тухай тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 46.1-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбоотой хүсэлтийг Маргаан таслах зөвлөлөөр хянан шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан бол Жагсаалт батлах тухай тогтоолуудаар “Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг, Хувь хүний орлогын албан татвараас хөнгөлөх “Нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуурын жагсаалт”-ыг тус тус гарган баталжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл