Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-12-04 15:12 Уншсан: 41

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 44 дэх дугаарт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.


Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан 2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох, “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1-ийн 1 дэх дэд заалтыг хамаарахгүйгээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 оны төсвийн жилд 0-18 насны хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгохыг Засгийн газарт дээрх тогтоолоор даалгажээ.

Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин хөлсний бодит үнэлэмжийг тогтоох асуудлыг судалж, саналаа Улсын Их Хуралд танилцуулахыг даалгасан байна.

Мөн дугаарт Албан тушаалд томилох тухай, Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигаар батлагдсан “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн “өдрөөс 10 хоногийн өмнө” гэснийг “өдрөөс өмнө 10 хоногийн дотор” гэж өөрчилсөн байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.

“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын зорилго нь шинжлэх ухаан, технологийг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, амьдралын чанар, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсэн хүчин зүйл болгон хөгжүүлэхэд оршиж байгаа аж. Бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ, үе шат, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Үүсгэсэн: 2017-12-22 15:12

Хуралдааны тов