УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газар хоорондын туршлага судлах семинар болов

  2017-11-27 17:24  318

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2020 оныг дуустал дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр (2017.11.27) УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газар хоорондын харилцан туршлага судлах семинар болов.


Уг семинарт Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагаа хариуцсан захирал Консул Габриелла Спирли болон Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газар, УИХ-ын Тамгын газрын алба хаагчид оролцов.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал семинарыг нээж хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газрын  чадавхийг сайжруулах, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд гадаад улс, олон улсын байгууллагатай тогтоосон хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Энэхүү семинараар Швейцарийн хууль тогтоомж, парламентад мөрдөгддөг дүрэм, журам, үйл явцтай дэлгэрэнгүй танилцахаас гадна УИХ-ын Тамгын газрын зүгээс хууль тогтоох, хяналт тавих үйл ажиллагаа, туршлагаасаа танилцуулан харилцан ярилцаж, сурч мэдэх бололцоо гарч байна” хэмээн онцлон хэллээ.


Дараа нь Консул Габриелла Спирли болон Швейцарийн Холбооны Улсын парламентын техникийн хамтын ажиллагааны төслийн менежер Александре Фүзесери нар үг хэлж, семинарт оролцогчдод амжилт хүслээ.

Энэ үеэр “Улс төрийн тогтолцоо, төрийн байгуулал”, “Хоёр улсын парламентын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх” сэдвийн хүрээнд хоёр орны парламентын Тамгын газрын алба хаагчид илтгэл тавьж, харилцан сонирхсон асуултдаа хариулт авснаар өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Уг семинар нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 30-ны хооронд үргэлжлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-11-27 16:28  318