Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 09 дугаарын тойм


Эмхэтгэлд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

Хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагыг тодорхой, оновчтой болгосон байна. Тухайлбал, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох болон өөрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой тэсэлгээний ажил явуулах эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан байнгын агуулахтай байх үүргийг тодотгон хуульчилсан; тэсэлгээний ажил явуулах эрхтэй хуулийн этгээдийг байнгын агуулахтай байхыг шаардаж байсныг өөрчилж, харин аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тэсэлгээний ажил гүйцэтгэх газарт тухай бүр нь түр агуулах байгуулан ажиллах, тэсэлгээний ажил явуулсан тохиолдол бүрийг тогтоосон журмаар тайлагнах үүргийг хүлээлгэжээ.

Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага болон шинжээчийн эрх олгох, цуцлах журмыг тогтоох эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусгаж, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой зааглан тогтоож, хариуцлагыг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий хяналтыг хэрэгжүүлэхээс гадна тэсрэх бодисыг үйлдвэрлэх, хадгалалтын үеийн галын аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдалд цагдаагийн байгууллага, пиротехникийн хэрэгслийн ашиглалттай холбоотой хяналтыг цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр зааглан тодорхойлсон аж.

Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах, худалдах харилцааг зохицуулсан. Тухайлбал: пиротехникийн хэрэгслийн хүчин чадлаас хамаарч хэрэглээний болон үзвэрийн гэж ангилсан бөгөөд жагсаалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд батлахаар тусгажээ. Үзвэрийн пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд, харин хэрэглээний пиротехникийн хэрэгслийг иргэд, аж ахуйн нэгж ямар нэгэн тусгай болзолгүйгээр ашиглахаар зохицуулсан байна.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн баталсан бөгөөд эмхэтгэлийн шинэ дугаарт мөн нийтэлжээ.

Мөн дугаарт Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны конвенц соёрхон батлах тухай хуулийг уг конвенцийн хамтаар нийтэлжээ.

Түүнчлэн Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилох тухай, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргыг чөлөөлж, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл