Цэс

Холбоо барих

"Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хэлэлцэх эсэх асуудлаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар  хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Л.Эрдэнэчимэг

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг Та бүхэнд танилцуулж байна.

Гаалийн тухай хуулийн 8 дахь хэсгийн 1 дэх заалтын дагуу Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батлахаар заасан байдаг. Хуулийн энэ заалтыг үндэслэн лабораторийн зориулалттайгаас бусад бүх төрлийн спиртийг хилээр нэвтрүүлэхийг хориглохоор Улсын Их Хурлын тогтоолоор батлуулж, лабораторийн зориулалт (AR-analytical reagent)-тай спиртийн уламжлалын бодисуудыг Засгийн газрын тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтад оруулахаар зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэж Засгийн газраас Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна.

Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсаны дараа Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор батлагдсан тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтад нэмэлт оруулж, лабораторийн зориулалттай спиртийн уламжлалын бодисын барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу Засгийн газраас батлах юм



“Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.


Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,


“Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.


Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨСВИЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                  Ц.ДАВААСҮРЭН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл