Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2022.07.05/ хуралдан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжив. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Мөн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгийн дэмжсэн 18 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн, санал хураалт явуулж олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцүүлэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг уг асуудлаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2 өдрийн завсарлагыг чуулганы нэгдсэн хуралдаанаас авсан бөгөөд Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаасан юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу дахин явуулав.

Байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар дэмжсэн 18 зарчмын зөрүүтэй саналыг хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.   


Мөн ажлын хэсгээс боловсруулсан төрийн албанд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох, зарим олон улсын байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох зохицуулалтыг хасах зэрэг нийт 10 зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхээс бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглох болон Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд мэдэгдэл гаргахгүй байх талаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Тус байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа дахин хуралдаж дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл