Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцуулав.
Төсвийн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй хэмээсэн.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ улсын төсөв, түүний орлого, зарлага, мөнгөний ханш, инфляци, өрийн тааз ямар байна гэж төсөөлж байгааг Сангийн сайдаас тодруулсан. Тэрбээр, томоохон стратегийн ордын үр өгөөжийг түлхүү ашиглах хэрэгтэй байна гэлээ. Оюу толгойн ордын ашиглалтад аудит хийх, үндсэн гэрээндээ өөрчлөлт оруулах, борлуулалтын орлогыг монголын банкаар дамжуулдаг болох, олборлосон түүхий эд, бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулахтай холбоотой асуудалд хяналт тавьж буй эсэх, өгөөжтэй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудын ил тод байдалд хяналт тавих ажил ямар түвшинд байна вэ хэмээн асуусан.
Сангийн сайд Б.Жавхлан, Бид 2022 оны төсвийг хэлэлцэж байхдаа 2021 онтой адил эерэг байхаар төсөөлж байсан ч эдийн засгийн сөрөг нөлөөллүүд төсөөллийг өөрчиллөө. Ковидын хүндрэлээс бид бүрэн гараагүй байна. Дээр нь геополитикийн асуудал, зэвсэгт мөргөлдөөний нөлөөлөл хүчтэй байна. Үүн дээр урд хөршийн хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавьсан хязгаарлалт нөлөөллөө. Эдийн засгийн хувьд таван хувийн өсөлттэй байна гэсэн өөдрөг төсөөлөл буурч байна. Гэхдээ үүнийг богино хугацаанд даван туулахын тулд Засгийн газраас бүхий л боломжит арга хэмжээг авч байна. Хамгийн гол асуудал бол экспорт. Гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа үед боломжоо алдаж байгаа нь харамсалтай. Экспортууд хэвийн болоод ирвэл бид хүндрэлээс богино хугацаанд гарах боломжтой. Гадны хөрөнгө оруулагчидтай уулзахад Оюу толгойн хөрөнгө оруулагчтай хэлцэлд хүрсэн байдал бусад олон хөрөнгө оруулагчдад монголд хөрөнгө оруулах идэвхийг сэргээсэн гэдгийг илэрхийлсэн. Харин богино хугацааны хүндрэл хөрөнгө оруулагчдыг үргээхээс сэргийлэн ажиллаж байна. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай урьдчилгаа авах, баяжмалтай хамт гарч байгаа алтыг хилийн цааны ялгаж байгаа ч түүнийг монголын төв банканд тушаах талаар ярилцсан. Монгол талд байгаа удирдлагын түвшинд ойлголцсон. Цаад талдаа тохирвол энэ асуудал нааштай шийдэгдэх боломжтой байгаа. Татварын тухайд аудитын хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн экспорт хэвийн явж байгаа гэсэн хариултыг өгсөн юм. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авснаар анхны хэлэлцүүлэг өндөрлөж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа
Дараа нь Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг 2016 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганаар баталсан бөгөөд хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх бүс нутгийн анхны хэлэлцээр юм байна. Одоогийн байдлаар тус хэлэлцээрт БНХАУ, Бангладеш, Азербайжан, Филиппин, Исламын Бүгд Найрамдах Иран Улс зэрэг Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд нэгдэн орсон бөгөөд хэд хэдэн гишүүн орон хэлэлцээрт нэгдэн орох дотоод процедурыг дуусгах шатандаа явж байна гэлээ.
Мөн тэрбээр, тус хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг үр ашигтай, ил тод болгох, худалдаатай холбоотой цахим өгөгдөл болон баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэн хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ, бусад цаасгүй худалдааны системийн харилцаа холбооны уялдааг хангахад оршиж байгааг онцолсон. Цааснаас цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь олон улсын худалдааг илүү хялбар, ил тод, үр дүнтэй, улмаар хүртээмжтэй болгож, Монгол Улсын Засгийн газрын цахим үндэстэн хөтөлбөрийн зорилттой уялдан нийцнэ гэж үзэж байгаа аж.
Монгол Улсын хувьд 2015 оноос Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хүрээнд тус хэлэлцээрийн техникийн Ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд хэлэлцээрт нэгдэн орох бэлтгэл ажлын хүрээнд 2018 онд Монгол Улсын хил дамнасан цаасгүй худалдааны эрх зүйн орчин, техникийн бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэсэн. Энэхүү судалгаагаар Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлбэл худалдааны зардлыг 10 орчим хувиар, харин тус хэлэлцээрийг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээртэй хамтатган бүрэн хэрэгжүүлэх тохиолдолд худалдааны зардлыг 30 орчим хувиар бууруулж, улмаар экспорт, импортод зарцуулах хугацааг 55-60 хувиар хэмнэх тооцоо гарсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдсан.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлэлцзэрт нэгдэн орсноор Монгол Улсын хүлээх үүрэг, төлөх татвар, хураамжийн тухай болон худалдааны хэлцлийн зардлыг жилд 133 сая ам.доллараар хэмнэх боломжтой гэсэн судалгаа, тооцооны талаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд Дэлхийн худалдааны байгууллагын одоогийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.
Ази. Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 70 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Тэрбээр, манай улс энэ хэлэлцээрт нэгдэн орсноор экспорт, импортын бичиг баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, худалдааны горимоо өөрчлөх, транзит тээврийн хугацааг богиносгох замаар худалдааны зардлыг бууруулахын зэрэгцээ санхүүгийн хууль бус урсгал болох татвараас зугтаах, худал мэдүүлэх зэргийг багасгах ач холбогдолтой гэж харж байгаа. Гэхдээ хөгжил дэвшилтэй зэрэгцээд гаалийн байгууллагад тулгамдсан байдаг авлига, хүн суртлын асуудлуудаа эргэж харвал яасан юм бэ. Гаалийн байгууллага ерөнхий хэлэлцээрт нэгдэн ороход бэлэн байгаа юу. Энэ хурдацтай өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахад бэлэн үү хэмээн асуусан.
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Гэндэнцэвээн, гаалийн байгууллага шинэчлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, цахимжуулах ажлыг хийж байна. www.gaali.mn портал сайтаар дамжуулан хаанаас ч гаалийн байгууллагатай цахимаар харилцаж, гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлт хийх, гаалиас 36 нэр төрлийн лавлагаа авах боломжтой болсон. Цаасгүй худалдаанд шилжихийн тулд Ерөнхий хэлэлцээр батлагдсаны дараа хоёр талын хэлэлцээр хийгдэнэ. Үүнтэй холбоотойгоор хөрш хоёр оронтой цахимаар гаалийн зарим мэдээллүүдээ солилцож эхэлсэн. ОХУ-аас гаалийн мэдүүлгийг цахимаар авч эхэлсэн. БНХАУ-аас ачаа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг цахимаар авч байгаа. Цаашид хэлэлцээр батлагдан хэрэгжихэд гаалийн байгууллагын ажилд ямар нэг саад хүндрэл гарахгүй хэмээн хариуллаа.
Ингээд УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар хуулийг эцэслэн баталлаа.
Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцууллаа.
Төсвийн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн гэлээ.
Төсвийн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс хууль, тогтоолын төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалгаж шийдвэрлэсэн байна.
“Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл балах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын гаргасан “Тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсгийн 4.1.6-4.1.16 дахь заалтыг хасах” санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй бөгөөд энэ санал дээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир цөөнх болсон гэж танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, төрийн өмчийн компаниудын хувьчлалаас эрчим хүчний компаниудыг хасах санал гаргасан. Байнгын хорооны санал, дүгнэлтэд сая дурдагдсан. Олон нийтэд нээлттэй худалдана гэсэн нэртэй ч ядуу амьдралтай байгаа иргэд худалдаж авч чадахгүй. Тав хүртэл хувийг нэг иргэн авч болно гэсэн байгаа. 34 хувийг нэг гэр бүлийн 6-7 гишүүн авчихаж болно. 20-30 компанитай хүн 6-7 компаниараа дамжуулаад авчих бас боломжтой. Тэр 34 хувиа авсан хүн төрийн өмчийн хүмүүсийг хахуульдаад захирлыг нь томилчихно. Ингэвэл тэр хүний мэдэлд эрчим хүчний компани очно гэсэн үг. Эрчим хүчний компаниудын үнийг барьчихаад ашиггүй ажиллаж байна гэдэг. Ашигтай ажиллахын тулд үнээ нэмнэ. Нэмээд хэлэхэд энэ хувьчлалд хууль зөрчсөн зүйл байна. Эх үүсвэр, дамжуулах шугам хувьчлалд орчихсон явна. Гэтэл дамжуулах шугам төрийн мэдэлд байна гэсэн хуультай. Тийм учир стратегийн салбар болох эрчим хүчийг хувьчлах асуудалд анхааралтай хандаарай гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан, энэ асуудал эхний хэлэлцүүлгийн үед яригдсан. Гурван чиглэлээр төрийн өмчит үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийх асуудлаар Засгийн газраас судалгаа хийсэн. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, 66-аас доошгүй хувь дээр төр хяналтаа тавих, 34 хүртэл хувийг нь нээлттэй хувьцаат компани болгох замаар дотоодын биржээр арилжаалж олон нийтийн хяналтад оруулах чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэх юм. Өнөөдөр тодорхой шалтгаанууд дурдаад хойшлуулаад байвал энэ бүтцийн өөрчлөлтийг хэзээ ч амжилттай хийж чадахгүй. Бид жагсаалтуудаа батлаад оролдлого хийж, болох болохгүй зүйлийг ил болгох ёстой. Энэ ажлын ихэнх амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Эрчим хүчний төрийн өмчит үйлдвэрийн газруудын тухайд үндэсний диспетчерийн газар, дамжуулах шугамыг хасаад, бусад компаниудыг хувьчилж нээлттэй хувьцаат компани болгохоор Засгийн газар шийдвэрээ гаргасан гэлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлснээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд үдээс хойших хуралдаан санал хураалтаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.