Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх цуврал хэлэлцүүлэг өнөөдөр /2019.07.22/ “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах нь” сэдвээр Төрийн ордонд эхэллээ.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.
Тэрбээр, Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж, хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө Монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе гэлээ.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, давхар дээлтэй сайдуудын тоог багасгаж 4-5-ын хэмжээнд зөвшөөрөх, Ерөнхий сайдад сайд нараа томилж, чөлөөлөх эрхийг олгох, Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавих, төрийн албан хаагчийг хууль бусаар халахыг хориглох зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.
Харин миний зүгээс “Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдэд давхар дээлтэй буюу Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглох, Засгийн газар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, энэхүү байгууллагыг шинээр байгуулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг Улсын Их Хурал Ерөнхийлөгч болон Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсаны үндсэн дээр баталдаг байх, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох” зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах болон тогтвортой хөгжлийн бодлогыг бататгах онцгой ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.
“Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого юм гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зүйл, хэсэг, заалт бүрээр нийгэмд тодорхой хэлэлцүүлэгүүд өрнөж байгаа хэмээгээд олон нийтийн анхаарлыг татсан зарим асуудлаар тайлбар хийсэн юм.
Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулсан энэхүү хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт удирдан явуулав.
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан.
Тэрбээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулах шаардлагыг бий болгохоор Монгол Улсын Ерөнхийлөгч саналдаа тусгасныг онцолсон. Түүнчлэн Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүд Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглохоор тусгасан гэлээ.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “харгалзан үзэх” шалгуур бий болгож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахаас өмнө “хянан үзэж” зөвлөмж, дүгнэлт гаргадаг механизмыг бий болгохоор төсөлд тусгасныг дурдсан.
Тиймээс төсөлд, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.”, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ” хэмээн тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл, саналдаа Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг сунган таван жил болгохоор тусгажээ. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн зарим эрхийг баталгаажуулж, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасан байна.
Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүд Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөл дэмжиж байгаа хэмээн УИХ-ын гишүүн З.Нарантуяа мэдэгдсэн.
Мөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг сунгах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвлөлийн гишүүд дэмжиж буй аж. Харин Ерөнхий сайдыг огцруулах журмыг тусгасан заалтыг дэмжихгүй байгааг тэрбээр дуулгасан юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан.
Тэрбээр Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлахаар төсөлд тусгасныг дурдаад, ингэхдээ Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор зааж өгсөн гэлээ. Ингэснээр давхар дээлийг тайлж, засаглалын тэнцвэртэй байдлыг хадгалан Улсын Их Хурлын хяналт сайжирна хэмээн үзэж буйгаа онцлов.
Улсын Их Хурал сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлснээр Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд Улсын Их Хурлын 19-өөс доошгүй гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлэхдээ дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хамтад нь оруулж ирэх бөгөөд тэрхүү саналыг Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлж, 10 хоногт шийдвэрлэхээр тусгасан гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт онцлоод ингэснээр Засгийн газрын тогтвортой ажиллах нөхцөл хангагдан, төрийн бодлого тогтвортой хэрэгжих боломжтой болно үзэж буйгаа хэллээ.
Хуулийн төсөлд төрийн албаны зарчмыг тодорхойлох, улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, шатлан дэвших, чадахуйн /мерит/ зарчимд суурилсан хариуцлагатай томилгоог бий болгохоор тусгажээ. Ингэснээр төрийн алба чадварлаг, үр дүнтэй болох боломж бүрдэж, улс төрөөс ангид, хараат бус, төрийн албан хаагчдын ур чадвар дээшилж, ажлын бүтээмж, гүйцэтгэл сайжирна хэмээн үзэж буй аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчид 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын иргэнийг нэр дэвшүүлж, зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгоно хэмээн төсөлд тусгасан бөгөөд ингэснээр Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байж, эрх мэдэл хоорондын тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Энэ өдрийн хэлэлцүүлэгт улс төрийн 23 намын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, Төрийн бус байгууллагын болоод иргэдийн төлөөлөл нийт 156 хүн оролцсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх танилцуулгын дараа асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлэг маргааш "Парламентын ардчилалыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь" сэдвээр үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.