Цэс

Холбоо барих

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангуудын 2019 оны төсвийн тухай хуулийг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.


    Хуулиар Нийгмийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг 2.208.833.8 сая төгрөгөөр, нийт зарлагыг 2.068.539.6 сая төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 100.000.0 сая төгрөгөөр баталлаа.

    Эрүүл мэндийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг 407.667.3 сая төгрөгөөр, нийт зарлагыг 407.667.3 сая төгрөгөөр батлав.

    Дараа нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгээс  тогтоолын төсөлд дэд заалт нэмж, хасах, төслийн заалтыг өөрчлөн найруулахаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг томьёолол бүрээр санал хураалт явуулсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан.


Тухайлбал, тогтоолын төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд шинээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид заасан журмыг мөрдөж ажиллах” гэж “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр дутагдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, “хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан хөрөнгийг хүүхэд хамгааллын чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг дэмжих, гэр бүлийн орчин, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, олон нийтийн үйл  ажиллагаа дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр зарцуулах” гэсэн дэд заалт нэмэх санал тус тус дэмжигдсэн байна.


    Эдгээр болон бусад санал тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэн Төсвийн байнгын хороо тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуустал нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан юм.

    Ингээд үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа дахин үргэлжилж, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл