Цэс

Холбоо барих

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг орон нутагт ажиллав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2013 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхон аймгийн Баян-Өндөр сумд, 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Налайх, Багахангай дүүргүүдэд ажиллаж аж ахуйн нэгж, байгууллагуудад химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, хадгалалтын байдалд Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа. Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, байнгын хорооны ахлах зөвлөх Р.Батсүх, референт Б.Баярмаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Жаргалсайхан, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Болдхуяг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Өлзийцэцэг, Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Б.Амарбаясгалан нар ажиллаж орон нутгийн холбогдох байгууллагын төлөөллийг тухай бүр татан оролцуулж холбогдох мэдээлэл, тайлбар тодруулгыг авч байлаа.

Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа Бороо голд компанид алтны үндсэн ордоос хүдэр боловсруулж баяжуулах үйлдвэрт ашиглагдаж байгаа химийн бодис, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Орос-Монголын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосыг дарах үйл ажиллагаа, химийн бодисын ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцсаны гадна Нийслэлийн Налайх дүүрэг дэх хуучин шилний үйлдвэрийн агуулах, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт орших Зэвсэгт хүчний 337-р ангийн харъяа нисэх онгоц хадгалах ангарт химийн бодис хадгалсан байдалтай танилцаж орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал, бодлыг нь сонссон болно.

Ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл