Цэс

Холбоо барих

Инфографик: Гэрээг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа  Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 



“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г байгуулахаар 2017 оноос ажиллаж, дотоодын холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн улмаар Вьетнам улсын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцсон. Үүний үр дүнд талууд гэрээний төслийг 2018 оны 10 дугаар сарын 15-нд үзэглэж, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна.


Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлэх боломж бүрддэг. 


Энэхүү гэрээ 22 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичгийг хүргүүлэх, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх боломжтой болно гэж үзэж байна.


Улсын Их Хурлын Тамгын газар 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл