Цэс

Холбоо барих

Хилийн боомтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдав

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/03 тоот хамтарсан тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 9.30 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдав.

Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж удирдан явуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, дэд ажлын хэсгийн гишүүд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Уугангэрэл,  Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дэд дарга М.Мөнхбат, Гадаад харилцааны яамны Хил, хилийн боомтын хэлтсийн дарга           Р.Бизьяа, Эдийн засгийн хөгжлийн яамны Чөлөөт бүсийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга  Л.Төгсбаяр, Тагнуулын ерөнхий газрын тасгийн дарга Г.Мөнхбат, ажилтан Б.Түвшинтөгс, Засгийн газрын Өмнөговь аймаг дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны Хилийн Гашуунсухай боомт хариуцсан мэргэжилтэн Ц.Батсүх, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны ахлах мэргэжилтэн Б.Түвшинцэнгэл, Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн зөвлөх Л.Батмөнх, референт П.Туяа, Г.Нямдэлгэр болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

 

Ажлын хэсгийн хуралдаанд Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын Хил, хилийн боомтын хэлтсээс хилийн боомтод явуулж байгаа үндсэн үйл ажиллагаа, Хилийн боомтын тухай хуулийн төсөлд эдгээр газруудын чиг үүрэг хэрхэн тусгагдсан талаар  танилцуулга хийв. Мөн Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Уугангэрэл,  Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дэд дарга М.Мөнхбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга  Л.Төгсбаяр, Өмнөговь аймаг дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны Хилийн Гашуунсухай боомт хариуцсан мэргэжилтэн Ц.Батсүх, Эдийн засгийн хөгжлийн яамны Чөлөөт бүсийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа нар Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулж хуулийн төслийн талаар саналаа хэлж оролцлоо.

 

Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хилийн боомтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд ажлын хэсгийн хуралдаанд гаргасан саналуудаа ажлын хэсэгт ирүүлэх, хуулийн зөвлөх болон байнгын хороодын ажлын алба ирүүлсэн саналуудыг нэгтгэн ажлын хэсэгт орсон Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлэх үүрэг өглөө.

                                                 

                                                 

                                                 

                                                            Ажлын хэсэг

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл