Цэс

Холбоо барих

ХЗБХ: Хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.06) хуралдаан 09 цаг 40 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.


    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг танилцуулсан юм. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хууль батлагдсан тул өмнө нь өргөн мэдүүлсэн Оюуны өмчийн тухай багц хуулийн төслүүдэд зохих өөрчлөлтүүдийг оруулах шаардлага үүссэн байна. Х.Нямбаатар сайдын горимын саналаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хойшлуулах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. Иймд Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлын хойшлуулахаар боллоо.


    Дараа нь “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах чиглэл өгсний дагуу хэлэлцүүлэг үргэлжилж байгааг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлэгт оруулахаар дараалалд байсан 99 хуулийн төслөөс 30 хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй хэмээн үзсэн юм.

    Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Д.Ганбат, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын гаргасан “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтын 22 буюу Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жагсаалтаас хасуулах зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.9 хувь нь уг саналыг дэмжив. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


    Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг томилох санал хураалт явуулахад гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл