Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 17 удаа хуралдаж, 32 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

-АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ 2013 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНЫ АЖЛЫН ТАЙЛАН-

НЭГ.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан байдал

Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, нийт давхардсан тоогоор 32 асуудал хэлэлцсэн, үүнээс хуулийн төсөл 24, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 22, зөвшилцсөн 8, хяналт шалгалтын тайлан 1, мэдээлэл 1, төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт 1 байна. Байнгын хорооны хуралдаанаас нийт 29 санал, дүгнэлт, 2 танилцуулга 187 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн. Зөвшилцсөн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид 1 албан тоот, Засгийн газарт 8 хуралдааны тэмдэглэлийг хүргүүлсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас Улсын Их Хурлаар баталсан хууль 21, Улсын Их Хурлын тогтоол 15, зөвшилцсөн 8 асуудал байна.

Байнгын хорооны тогтоолоор баталсан Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн төслийн хэрэгжилт, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт зарим хуулийн хэрэгжилтийг шалгах, зэвсэг техникийн өнөөгийн байдал, шинэчлэлтэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хяналт шалгалтын 4 ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсгүүд нийт 18 удаа, 24.30 цаг хуралдаж, 3 ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд Ажлын хэсгээс оруулж хэлэлцүүлсэн.

Тусгай хяналтын дэд хороо 3 удаа хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцсэн.

Батлагдсан хууль, тогтоолоор бичгээр болон слайдаар 8 танилцуулга боловсруулан бэлтгэсэн. Байнгын хорооны санал, дүгнэлт, танилцуулга, саналын томьёоллууд, 17 хуралдааны дараалал болон хуралдааны тойм, ажлын хэсгийн 18 хуралдааны тойм зэргийг боловсруулан Байнгын хороонд хуваарилсан бүх хууль, тогтоолын төслийн эх хувиудын хамт тус тус дотоод сүлжээ, ipad-дийн сүлжээнд тухай бүр оруулсан.

Байнгын хороогоор хэлэлцүүлэн УИХ-аар баталсан хууль:

1. Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2. Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай /Дагалдах хууль: Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай/

3.Хилийн боомтын тухай /Дагалдах хуулиуд: Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай/

4.Хилийн боомтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан баталсан хуулиуд: /Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, .Харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай/

5.Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах "Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ"-г соёрхон батлах тухай

Байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-аар баталсан УИХ-ын тогтоол:

1.Гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай /9 улстай дипломат харилцаа тогтоосон 9 Улсын Их Хурлын тогтоол/

2.“Газрын улсын тусгай хэрэгцээнд авах тухай” /нууц/

3.Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

4.Хилийн боомтын тухай хуулийн төсөл дагалдан өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

5.Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

6.Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

7. Нууц Протоколыг ил болгох тухай

Байнгын хорооны хуралдаанаар зөвшилцсөн:

1.Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал

2.Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах "Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ"-ний төсөл

3.Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай Протокол”-д гарын үсэг зурах тухай

4.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төсөл

5.Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл

6.Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн эх бичвэрт гарын үсэг зурах тухай

7.“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслүүд

8.Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээрийн төсөл

ХОЁР. Хянан шалгах, танилцах үйл ажиллагааны талаар

Байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар Цөмийн энергийн газар, Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн үйл ажиллагаатай танилцав. Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, дэд дарга Ц.Дамдинсүрэн, Цөмийн болон цацрагийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга З.Дамдинсүрэн, Технологийн газрын дарга Б.Баярбадрах нар салбарын эрх зүйн шинэчлэл, цөмийн болон цацрагийн хяналт, шинжилгээ, цөмийн технологи нэвтрүүлэх, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн.

Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт зарим хуулийн хэрэгжилтийг шалгах, зэвсэг техникийн өнөөгийн байдал, шинэчлэлтэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийг 2013 оны 10 дугаар сард байгуулан холбогдох яам, газруудын албан тушаалтнуудтай уулзах, баримт бичиг, мэдээлэл цуглуулах, судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг ажлууд хийгдэж байна.

Улсын Их Хурлын даргын 157 дугаар захирамжаар батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтийг хангах, аюулгүй байдал, хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогыг уялдуулах, аюулгүй байдлын салбарт тавих парламентын хяналтыг боловсронгуй болгох бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Ажлын албаны ахлах зөвлөх Ч.Сосорбарам ажилласан.

Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал болон салбарын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох талаар харилцан ярилцав.

Байнгын хороо Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2000 оны 19 тоот тогтоолын талаар Гадаад харилцааны сайд Л.Болдын мэдээллийг сонсон, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг гарган санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулан Байнгын хорооноос хууль, тогтоомж хэрэгжүүлэх талаар Засгийн газарт хуралдааны тэмдэглэл хүргүүлсэн.

ГУРАВ. Бусад ажил

1.Байнгын хорооноос “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд эрх зүйн орчинг сайжруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал солилцсон. Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Зам, тээврийн яам, Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Хууль сахиулахын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг, Монголын авто сургууль, курсүүдийн нэгдсэн холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцлоо.

2.Байнгын хороо, Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвтэй хамтран “Аюулгүй байдлын салбарын хяналт ба аюулгүй байдлын салбарын засаглал: Парламентын байнгын хороодын үүрэг, хариуцлага” сургалтыг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах нарт зориулан зохион байгуулсан.

3.Байнгын хороо, Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвтэй хамтран “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл ба сайн засаглал” сургалтыг 2013 оны 11 дүгээр сарын 19 өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий яам, агентлагууд, судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл оролцсон.

Ажлын албанаас Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр тайлангийн хугацаанд нийт 6 судалгаа, 25 лавлагаа, мэдээлэл боловсруулсан.

Байнгын хорооны Ажлын албанаас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон гадаад орнуудын тусламжаар зэвсэг техникийн шинэчлэл хийсэн байдал, зэвсэг техникийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар судалгаа хийж судалгааны дүнгийн талаар Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийсэн.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим, зүйл заалт, зарим гадаад орны хилийн боомтын эрх зүйн зохицуулалт, НҮБ-ын далайн конвенциуд, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлуудыг тусгасан байдал, 1990 оноос хойш ДЦС-4-т гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлсэн төслүүд, 2014 оны төсвийн төсөл дэх Байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах байгууллагуудын төсөв, Улсын Их Хурлын тусгай хяналтыг хэрэгжүүлэх талаарх эрх зүйн орчны талаар, Гадаадын орнуудын хилийн боомтуудын бүтэц, зохион байгуулалт, Монгол Улсын хилийн боомтууд зэрэг сэдвээр мэдээлэл, лавлагаа тус тус бэлтгэсэн гаргасан.

Байнгын хорооны дарга Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Туркийн Элчин сайд, БНСУ-ын Элчин сайд зэрэг гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулсан. Мөн Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар болон Цөмийн энергийн газрын удирдлагууд, Геополитикийн хүрээлэнгийн удирдлага, гишүүдтэй ажлын уулзалтууд хийсэн.

Тайлангийн хугацаанд Байнгын хороонд 62 өргөдөл гомдол, 208 албан бичиг хүлээн авч 73-г шийдвэрлэсэн байна.

Ажлын албанаас 12 хуулийн 12 боть, зөвшилцсөн гэрээ, конвенцийн 4 боть 468 хуудас, хуралдааны тэмдэглэлийн 3 боть 789 хуудас, Байнгын хорооны тогтоол 1 боть, хяналт шалгалтын ажлын 1 боть 283 хуудас, ирсэн бичгийн 2 боть, нийт 23 боть баримт бичгийг архивын нэгж болгон архивт шилжүүлсэн.

Ажлын албанаас 83 баримт бичгийн 1370 хуудсыг 15-130 хувиар нийт 62773 хуудас олшруулан УИХ-ын болон Байнгын хорооны гишүүд, Тамгын газрын холбогдох хэлтэс, албадад тараасан.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл