Цэс

Холбоо барих

ТББХ:Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Ажлын хэсгүүд байгуулав


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.17)  хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Сүхбаатар, Г.Ганболд, Ц.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо. 

Үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн  “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үрэг бүхий  ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар, Г.Ганболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

Хуралдаан Засгийн газраас 2022 оны 01 дүгээр 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. 

Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Тогтоолын төслийн талаар Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. 


Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас болон гишүүдээс тогтоолын төслийн хавсралтаар батлах “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам” тус бүрийг нь Улсын Их Хурлын тогтоолоор батлах шаардлагатай гэж үзсэн. Иймд тогтоолын төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг Улсын Их Хурлын тогтоолоор батлахаар тогтоолын төсөл бэлтгэсэн гэж байлаа. 

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн тогтоолын төслийн дагаж мөрдөх хугацааг тодорхой заах, тогтоолын хавсралтад Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх болон Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэл хангах, Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахтай холбогдох зарим заалтыг тодруулах зарчмын зөрүүтэй 12 санал, найруулгын 2 саналыг бэлтгэсэн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.

Ингээд тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны дараа Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Хуралдааны төгсгөлд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох байв.  


Хуралдаанд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 13 гишүүнээс 6 гишүүн нь ирж, бусад 7 нь ирээгүй шалтгааныг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд тодорхой танилцуулаад энэ нь парламентыг үл хүндэтгэсэн хэрэг гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ мэдээллийг хойшлуулах болсныг мэдэгдлээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.9-д “Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэн тухайн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн заалтыг дурдаад Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүхэд зөвлөлийн гишүүдээ 100 хувь бүрдүүлж хуралд ирүүлэх үүрэг өгч, ирц  хангалтгүй шалтгаанаас мэдээлэл сонсох асуудал удаа дараа хойшилж байгаад онцгой анхаарах шаардлагатай гэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Н.Энхболд, Ё.Баатарбилэг, Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийлж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс  Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй, олон нийтийн радио, телевизийн төсвийг ч баталж чадахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Улсын Их Хурал төсөв баталж чадахгүйд хүрвэл тардаг хуулийн зохицуулалттайг сануулав. Иймд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын Ажлын хэсэг байгуулж ажиллах, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дүн, нэмэлт, өөрчлөлт оруулж хууль эрх зүйн орчныг сайжруулах талаарх саналыг Байнгын хорооноос Ажлын хэсэгт өгөх удирдамжид тусгах шаардлагатай гэж байлаа. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Ажлын хэсэг байгуулах  горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Г.Ганболд, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов. 

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан удирдамжийн дагуу ажиллах Ажлын хэсгийн шалгалт, санал дүгнэлттэй, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хамтатган сонсохоор тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл