УИХ-ын эмэгтэй гишүүд БНЭУ-ын эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзав

  2018-01-19 18:40  301

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нар өнөөдөр (2018.01.19) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Элчин сайдын үүргийг түр хамаарагч Рави Шанкер Гоэл болон “Аполло” эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Энэтхэг-Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын менежментийг илүү боловсронгуй болгоход анхаарч, шинэ техник технологитой танилцаж, суралцахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.


Рави Шанкер Гоэл, Энэтхэг-Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар товч тайлбар өгөөд БНЭУ-ын тусламжаар Хавдар судлалын үндэсний төвд хавдар оношлоход зориулагдсан төхөөрөмж бэлэглэж, уг төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар байнга сургалт явуулж байгаа, 2018 онд Энэтхэгт монгол эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах гэж байгааг дуулгалаа.

Түүнчлэн өнгөрсөн долоон хоногт арван хүүхдийг асран хамгаалагч, нэг эмчийн хамт БНЭУ-д явуулж, зардлыг нь хариуцан зүрхний гажиг засах хагалгаанд амжилттай оруулсан талаар мэдээлэв.

“Аполло” эмнэлгийн зөвлөх эмч, доктор Самир Каул УИХ-ын гишүүдэд хандан хорт хавдартай хэрхэн тэмцэх талаар зөвлөмж хүргүүлсэн юм. Тэрбээр, Монгол Улсад хавдараар өвчилсөн хүмүүсийн тоог нарийн гаргаж, өвчлөлийг бүртгэх шаардлагатай. Ингэснээр шинжилгээ, дүгнэлт хийж, хорт хавдартай тэмцэхэд эерэг үр дүн үзүүлнэ гээд Засгийн газрын зүгээс оновчтой хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллахыг зөвлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 


  2018-01-19 18:40  301