Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн, Монгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Данийн парламентын Тамгын газрын төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2017.06.07) манай улсад айлчилж буй Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нарыг хүлээн авч уулзав.

УИХ-ын гишүүн, Монгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Данийн Фолкетинг /парламентын/ төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд "Монгол-Данийн парламентын бүлгийг төлөөлөн Та бүхэнтэй уулзаж, танилцаж байгаадаа таатай байна" гэлээ.

Дараа нь тэрбээр тээврийн салбарт Дани Улсын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгөөд цаашид хоёр улс бизнес, худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх,  мөн Дани Улсын ногоон технологиос туршлага судалж, эх орондоо хэрэгжүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлсэн юм.

Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен хоёр улсын парламент хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байдгаа илэрхийлээд ардчилсан орнуудын хувьд харилцан биенээсээ суралцах зүйл их байгааг онцлон тэмдэглэлээ.


Манай улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал, хөрш орнуудын харилцаа, аль салбарт хөрөнгө оруулалт татах сонирхолтой талаар төлөөлөгчдийн сонирхсон асуултад Монгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хариулт өгч, уул уурхайн салбартаа нэн түрүүнд анхаарч, цаашид  хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлэхээр зорьж байгааг хэллээ. 

Уулзалтын төгсгөлд Данийн Вант Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчид Монгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг Дани Улсад зочлохыг урилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл