Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, номхон далайн орнуудын парламентчдын форумаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр /2021.12.02/ “Дэлхий нийтийн эрүүл мэнд ба КОВИД-19 Ази-номхон далайн парламентын форум” дөрөв дэх удаагийн ээлжит бус цахим уулзалтыг зохион байгууллаа. Тус цахим уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцов.
Өнөөдрийн уулзалтын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, мутацлагдсан омикрон хувилбарын судалгааны явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Түүнчлэн улс орнууд КОВИД-19 цар тахалтай хэрхэн тэмцэж буй талаар туршлага мэдээлэл солилцлоо.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн цахим уулзалтын үеэр омикрон хувилбарын судалгаа шинжилгээ, нөлөөллийн ажил хараахан дуусаагүй байна. Одоогийн шинжилгээний аргуудаар мутацлагдсан Омикрон хувилбарыг оношлох, урьдчилан таамаглах боломжтой. Бүүстэр буюу гурав дахь тун вакцины ажлыг үргэлжлүүлэн хийх нь энэ халдвараас сэргийлэхэд илүү үр дүнтэй байна. Вакцин нь халдварыг хүндрүүлэхгүйгээс гадна нас баралтаас сэргийлж байна хэмээн хэлсэн үгэндээ онцлов.
Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, номхон далайн орнуудын парламентчдын форум нь БНСУ-ын Үндэсний Ассемблейн санаачилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр анх 2015 онд байгуулагдсан. Уг форум нь парламентчид санал бодлоо солилцох, улс төрийн идэвх чармайлтыг дээшлүүлж, чадавхыг бэхжүүлэх, эрүүл мэндийн асуудлаар тогтвортой үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтын ажиллагаа дэмжих талбар юм.
Тус форумд 30 улс багтдаг бөгөөд өнөөдрийн цахим уулзалтад 20 гаруй улсын 44 парламентчид оролцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.