Эмхтгэлийн энэ дугаарт \"Ус\" үндэсний хөтөлбөрийг нийтэллээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ууршиц буюу усан гадаргын ууршил манай орны хэмжээнд 2020 онд 39-66 мм, 2050 онд 50-72 мм, 2080 онд 106-193 мм тус тус нэмэгдэх, агаарын температурын нэмэгдэх явцтай уялдан мөстлийн хайлалт нэмэгдэж, 50 метр зузаан мөстөл 2040 оны үед, 100 метр зузаан мөстөл 2050-2060 оны үед хайлж дуусч болзошгүй байна. 2007 оны бүртгэлээр гадаргын усны тоо нийт 5121 гол, горхи бүртгэгдсэнээс 887 нь, 9340 булаг, шанд бүртгэгдсэнээс 2096 нь, 3732 нуур, тойром бүртгэгдсэнээс 1166 нь ширгэсэн дүн гарсан нь ус ашиглалт ба усны хэрэглээ харьцангуй бага боловч уур амьсгалын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр усны горим, нөөц, чанарт өөрчлөлт орж, хомсдож байгааг харуулж байгаа юм.
Монгол Улс усны нөөц багавтар орны тоонд багтдаг бөгөөд байгаа багахан нөөц нь нутаг дэвсгэртээ жигд бус тархсан, хяналт, менежмент сул, эрх зүйн орчин нь төдийлөн боловсронгуй бус, ус хангамжийн түвшин доогуур, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн хүртээмж, хүчин чадал дорой, боловсон хүчин, хүний нөөцийн хомсдолтой орны хувьд тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэх шаардлага тулгараад байна.
Тиймээс Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглан улс орны хөгжлийн түлхүүр болгох, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр \"Ус\" үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол орны усны нөөцийг хамгаалан түүний бүрэлдэн тогтох, цэвэр ариун чанараа хадгалах, байгалийн аясаар сэргэх бүхий л боломжийг хангах, нутаг дэвсгэрийн хэмжээнд усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний байнгын, тасралтгүй, шинэ дэвшилтэт технологид суурилсан сүлжээ байгуулан ажиллуулж мэдээлэл, удирдлагын шуурхай байдлыг хангах ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн усны нөөцийн хуримтлалыг бий болгох, хүн амыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн усаар хангаж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн ус хангамжийг сайжруулан тогтвортой хөгжлийг тэтгэх үндсэн нөхцөл бий болгох юм байна.
Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх, хаягдал бохир усыг эргүүлэн ашиглах, цэвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үерийн аюулаас сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг энэхүү хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөжээ.
2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ онд \"Багануур\" ХК, \"Дулааны гуравдугаар цахилгаан станц\", \"Монголын хөрөнгийн бирж\" ХК, \"Монголын цахилгаан холбоо\" ХК зэрэг 10 компанийг хувьчлах эсвэл өөрчлөн байгуулах юм. Эдгээр компанийн хэдэн хувийг хувьчлах, хувьчлах арга хэлбэр, нөхцөлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл \"Төрийн мэдээлэл\" эмхтгэлийг уншаарай.
Түүнчлэн Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.Хилийн аль боомтоор оруулж ирж буй Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 0.000 төгрөг болохыг \"Төрийн мэдээлэл\" эмхтгэл өгөх болно.
\"Төрийн мэдээлэл\" эмхтгэлийн редакци