УИХТГ-ын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төвийн дарга Ц. Норовдондог Дэлхийн банкнаас УИХТГ-т хэрэгжүүлж буй төслийн шугамаар 2010 оны 02-р сарын 21-нээс 25-ний өдрүүдэд Филлипин улсын Манила хотод болсон Дэлхийн хөгжлийн сургалтын сүлжээ (GDLN)-ний Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтанд оролцож, Филлипиний Конгрессийн Ажлын албаны Мэдлэгийн менежментийн төв (KDC ), Конгрессийн бодлогын судалгаа, төсвийн шинжилгээний газрын үйл ажиллагаатай танилцав.
1. Global Development Learning Network (GDLN)-ийн талаар
Тус сүлжээ нь Дэлхийн банкны институтийн дэргэдэх сүлжээ бөгөөд дэлхийн 80 гаруй орны 100 гаруй төвөөр дамжуулан мэдээлэл түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, он-лайн хэлбэрийн сургалт явуулах зэргээр улс орнууд мэдээллийн технологийн дэвшил дээр тулгуурлан улам ойртон нягтрах, мэдлэг туршлагаа хуваалцах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг сүлжээ юм.
Тус сүлжээний Монгол дахь үйл ажиллагааг Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар хариуцдаг бөгөөд Монгол улсад хэрэгжүүлж буй “Засаглалын чадавхийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд УИХТГ-ын ажилтнуудын чадавхийг сайжруулах, мэдээлэл судалгааны бааз бүрдүүлэхэд энэхүү сүлжээ нь томоохон дэмжлэг болох ба ойрын хугацаанд УИХ-ын номын санг түшиглэн Олон нийтийн мэдээллийн төв (PIC) байгуулсанаар Дэлхийн банк болон түүний группийн орнуудын мэдээлэл судалгаагаар үнэ төлбөргүй хангагдах, он-лайн хэлбэрийн төрөл бүрийн сургалт, семинарыг Дэлхийн банктай хамтран явуулах боломжийг УИХТГ-т бүрдүүлэх юм байна.
Семинарын явцад авсан мэдээллээс үзэхэд,
GDLN-ийн сүлжээний төвүүд нь хэд хэдэн чиглэлээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тухайлбал,
- Академик сургалт, судалгааны институтийг түшиглэн байгуулсан төвүүд нь Мэдлэгийн хөгжлийн төв (Knowledge development center), Мэдлэгийн нөөцийн төв( Knowledge resource center), Хөгжлийн нөөцийн төв (Development resource center) гэх зэргээр нэршсэн байх бөгөөд ихэвчлэн их, дээд сургуулийг түшиглэн байгуулагдсан байна. Тус семинарыг Филлипиний Азийн менежментийн институтийн төв дээр зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд тус институтийн KDC-ийн үйл ажиллагаатай танилцах боломж олдлоо. Эдгээр төвүүд нь Дэлхийн банкны мэдээллийн баазаас гадна академик судалгааны мэдээллийн баазтай, сэдэвчилсэн сургалтын хөтөлбөрүүдийг зайн сургалтын хэлбэрээр явуулах боломжтой юм байна.
- Засаглалын дээд түвшинд Парламентын Ажлын албыг түшиглэн байгуулсан төвийн жишээ нь Филлипиний Конгрессийн Ажлын албанд харьяалагддаг Knowledge management System Bureau юм. Тус төв нь Конгрессийн номын санд харьяалагдах бөгөөд Дэлхийн банк болон АХБ, Азийн сан зэрэг бусад донор орнуудын судалгаа, мэдээлэл, ном товхимолыг хэвлэмэл болон цахим байдлаар төвлөрүүлж хууль тогтоох байгууллагыг мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулж байна. Тус төвийн мэдээллүүд нь дэлхийн түвшинд гүйцэтгэсэн орчин үеийн шинэлэг мэдээлэл, судалгааны баазыг агуулах тул судлаачид болон хууль тогтоогчдод ихээхэн хэрэгцээтэй байдаг юм байна.
- Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрууд дээр уг төвүүд байх бөгөөд Филлипиний ийм төвийн үйл ажиллагаатай мөн танилцлаа.
Одоогоор Монгол улсад Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр байгуулагдсан Олон нийтийн мэдээллийн төв 4 байгаа бөгөөд эдгээр нь МУИС, Нээлттэй нийгэм форум, Өмнөговь, Дархан уул аймагт байрлаж байна. 5 дахийг нь УИХТГ-ыг түшиглэн байгуулахаар төлөвлөж байгаа ба цаашид эдгээр төвүүдийг хооронд нь холбох, улмаар Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраар дамжуулан Дэлхийн сүлжээнд холбогдох боломжтой, сургалт, мэдээллийн ач холбогдолтой болох нь харагдлаа.
2. Филипиний Конгрессийн Судалгаа, мэдээллийн үйл ажиллагааны тухай.
Филлипин улсын Парламент нь 2 танхимтай. Сенат нь 26 гишүүнтэй, Конгресс нь 286 гишүүнтэй юм байна. Конгрессийн Ажлын алба (Parliamentary Secretariat) нь томоохон бүтэцтэй, үүнээс дараахь үндсэн 4 нэгж нь Ерөнхий нарийн бичгийн дарга болон Speaker-т зэрэг харьяалагддаг. Үүнд:
- Конгрессийн бодлогын болон төсвийн судалгааны газар
- Парламент хоорондын харилцаа болон Speakerийн асуудал хариуцсан газар
- Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар
- Армийн sergeant-ийн алба
Дараахь газрууд нь Ерөнхий нарийн бичгийн даргад шууд харьяалагдана. Үүнд:
- Захиргаа, хүний нөөцийн газар
- Санхүүгийн хэлтэс
- Инженерийн хэлтэс
- Хууль, эрх зүйн газар
- Байнгын хороодын ажлын алба
Бүтцийн схемээс үзэхэд үйл ажиллагааны чиг үүрэг нь нилээд тодорхой, парламентын үйлчилгээг төрөлжүүлсэн иж бүрэн шинжтэй, харьцангуй хүн хүч нөөц боломж сайтай байна. Онцлох нэг асуудал нь Конгрессийн ажлын албаны бүтцэд судалгаа, шинжилгээний чиг үүргийг нилээд төрөлжсөн маягаар зохион байгуулжээ. Тухайлбал,
-Конгрессийн бодлогын болон төсвийн судалгааг хариуцсан газар нь харьцангуй хараат бус, бодлогын чиглэлийн судалгаануудаа хийдэг. Үндсэн судалгаа нь макро эдийн засаг, өрсөлдөх чадвар, төсөв, хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдэл, боловсрол, байгаль орчин зэрэг нийгэм эдийн засгийн гол гол асуудлуудаар бодлогын судалгаа, шинжилгээ хийх үүрэгтэй. Дотроо макро эдийн засгийн, төсвийн, бусад гэсэн 3 чиглэлийн судалгааны албатай, жилийн туршид энэ чиглэлээрээ нилээд гүзгий судалгаа хийдэг, мэргэшсэн алба болох нь уулзалт ярилцлагын үед харагдлаа.
- Хууль эрх зүйн хэлтэс дотроо судалгаа, лавлагааны товчоотой. Хуулийн хэлтсийн бүтэц нь нилээн том, мэргэшсэн шинжтэй юм байна. Тухайлбал, тус газар нь дотроо судалгаа, мэдээллийн товчоо, чуулганы асуудал хариуцсан товчоо гэсэн бүтэцтэй. Судалгаа мэдээллийн товчоо нь дотроо хуулийн төсөл боловсруулах алба, хуулийн судалгааны алба, хуулийн зөвлөхүүдийн албатай, мөн чуулганы товчоо нь хуулийн төсөл болон индексийн алба, чуулганы алба, хэвлэл мэдээлэл, сурталчилганы албатай.
- Байнгын хороодын ажлын албаны бүтэц нь дотроо хэд хэдэн техникийн дэмжлэг үзүүлэх Support service-тэй бөгөөд нийт 80 байнгын хороодыг төрөлжүүлэн хувааснаас 1 албанд 8-10 байнгын хороо харьяалагддаг. Эдгээр албадууд нь техник зохион байгуулалтын болон мэдээлэл, лавлагаа, судалгааны үйлчилгээг ч мөн үзүүлдэг байна.
- Конгрессийн Номын сан нь харьцангуй том, дотроо лавлагаа, мэдээллийн хэсэгтэй. Мөн Дэлхийн банкны мэдээллийн төв Номын санд харьяалагддаг. Гадаад орнуудын, ялангуяа АНУ-ын хуулийн баазтай, Legislative Library гэж нэрлэдэг, судлаачид болон гишүүдийн уншлагын танхимтай.
Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын ажилтан н.Сүнжидмаа, УИХТГ-ын СШОНХТ-ийн дарга Ц. Норовдондог болон албаны бусад хүмүүс Филлипиний Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагаатай танилцаж, Конгрессийн Бодлогын болон Төсвийн судалгааны газрын дарга, албадын дарга нартай ажил хэргийн уулзалт хийж харилцан туршлага, санал солилцов.
Филлипиний Конгрессийн 100 жилийн ойд зориулан гаргасан номыг Монгол Улсын Их хурлын Тамгын газар / Номын сан/-т бэлэглэснийг УИХТГ-ын дарга Ц. Шаравдоржид гардуулан өгөв. Мөн Конгрессийн судалгааны албаны ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр ойрын хугацаанд төсөв, өрсөлдөх чадвар зэрэг асуудлуудаар Тамгын газрын ажилтнууд хооронд сэдэвчилсэн он-лайн ярилцлага хийх, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас ийм төрлийн сэдэвчилсэн уулзалт, ярилцлагыг зохион байгуулах боломжтой талаар саналаа илэрхийлэв.
Тайлан бичсэн:
УИХТГ-ын СШОНХТ-ийн дарга Ц. Норовдондог
2010.03.03
Сэтгэгдэл