“Төрийн мэдээлэл эмхтгэлийн 2010 оны 09 дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхтгэлийн энэ удаагийн дугаарт Концессын тухай хууль, түүнийг дагалдан гарсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Концессын тухай хуулиар төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг концессын гэрээгээр хөрөнгө оруулагчид олгох уралдаант шалгаруулалт явуулах, концессын гэрээ, түүнийг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох, маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
“Концесс” гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрх бөгөөд концессын төрлүүд, концессын зүйлтэй холбоотой өмчийн эрхийг хуульд хэрхэн заасныг мэдэхийг хүсвэл “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг уншаарай.
Концессын талаар төрийн, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, концессын зүйлийн жагсаалт, концесс олгох, уралдаант шалгаруулалт явуулах талаар хуульд нарийвчлан заажээ. Концессын гэрээг хэрхэн байгуулах, гэрээ байгуулагч талууд ямар эрх үүрэгтэй байх, гэрээ дуусгавар болгох, цуцлах, концесс эзэмшигчийн эрх, үүрэг, эзэмшигчид хориглох зүйл, концесс эзэмшигчид төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг гэх мэт хуулийн зохицуулалтыг эмхтгэлээс уншиж танилцах боломжтой.
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудын мөн нийтэллээ.
Газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай, Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэллээ. Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор зарим аймгуудад автомашин, дизель станцыг хуваарилсан байна. Тухайлбал, Дорнод аймгийн Чойбалсан дахь аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Говьсүмбэр аймгийн Малахын талын аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд Уаз-396292 маркийн фургон автомашин, Говь-Алтай аймгийн Төгрөг, Жаргалан, Завхан аймгийн Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Асгат, Өвөрхангай аймгийн Уянга, Сант, Богд сумдын хүн эмнэлэгт автомашин олгох шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн хэдэн аймгийн хэдэн суманд хэдий хэмжээний өвс, тэжээл хуваарилсныг эмхтгэлийн хуудаснаас унших боломж бий.
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци
2010-03-05
Сэтгэгдэл