Судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцах төв нь Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд ирүүлсэн захиалга, чиглэлийн дагуу болон Төвийн санаачлагаар цаг үеийн тулгамдсан асуудлууд, бодлогын чанартай асуудлуудаар судалгаа хийх, бодлогын шинжилгээний дүгнэлт, зөвлөмж гаргах, цаг үеийн шуурхай мэдээлэл, судалгааны мэдээллээр хангах, судалгааны мэдээллийн бааз бүрдүүлэх, хууль, тогтоолын төсөл болон бодлого боловсруулах шатанд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, экспертүүдийн саналыг авах, хэлэлцүүлэг хийхтэй холбогдуулан олон нийттэй харилцах үндсэн чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:
1/Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд хийх судалгааны ажлын захиалгыг Байнгын хороодын ажлын албаар дамжуулан авах, Улсын Их Хурлын болон Тамгын газрын удирдлага, Байнгын хороодын удирдлагаас өгсөн захиалгын дагуу судалгааны ажлыг зохион байгуулах;
2/цаг үеийн тулгамдсан асуудал болон бодлого, хууль, эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай асуудлаар Төвийн санаачлагаар судалгааны сэдэв гаргаж, судалгааны ажлыг зохион байгуулах;
3/судалгааны сэдвийн хүрээнд тухайн асуудлаар статистик мэдээлэл, судалгааны материал, зах зээлийн мэдээлэл, бусад орны туршлагыг судалж судалгааны мэдээллийн бааз бүрдүүлэх, мэдээллээр хангах;
4/судалгааны сэдвийн хүрээнд тухайн салбарын хууль, эрх зүйн болон төрийн зохицуулалтын бодлого, чиглэл, хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээллийн бааз бүрдүүлж мэдээллээр хангах;
5/судалгааны сэдвийн хүрээнд бодлогын судалгаа хийж төлөв байдал, хандлагад дүн шинжилгээ хийх, нөлөөллийн хүчин зүйлийг тодорхойлох, бодлогын шинжилгээний дүгнэлт гаргаж, тухайн асуудлыг шийдвэрлэх бодлогын альтернатив хувилбаруудыг боловсруулах, санал, зөвлөмж гаргах;
6/шаардлагатай хууль, тогтоолын төсөл болон бодлогын шийдвэрийн төсөлд олон нийтийн саналыг тусгах үүднээс санал авах, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг, онол практикийн хурлыг Тамгын газрын бүтцийн холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;
7/Засгийн газар, яам, агентлаг, судалгаа шинжилгээ, мэдээллийн болон бусад холбогдох байгууллага, Тамгын газрын бүтцийн нэгжүүдээс мэдээлэл авах, хамтран ажиллах;
8/судалгааны явцад шаардлагатай асуудлаар мэргэжлийн эксперт, зөвлөхийг гэрээгээр ажиллуулах, судлаачдын түвшинд уулзалт, ярилцлага, төрөлжсөн хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулах;
9/судалгааны чиглэлээр олон нийтийн хэлэлцүүлэг хийх, санал авах ажлыг зохион байгуулах;
10/веб хуудсаар дамжуулан хуулийн төсөл болон бодлогын асуудлаар хэлэлцүүлэг хийх, олон нийтийн санал авах ажлыг тогтмол зохион байгуулах;
11/дотоодын болон гадаад орнуудын парламент болон парламентын дэргэдэх бодлогын судалгаа, шинжилгээний байгууллагын талаар судалгаа хийх, парламентын түүхийн эмхтгэл гаргах;
12/судалгааны материалыг эмхтгэн номын санд шилжүүлэх, Улсын Их Хурлын гишүүдийг судалгааны дэлгэрэнгүй тайлантай танилцах нөхцөлийг бүрдүүлэх;
13/Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын удирдлагыг улс орны дотоод мэдээлэл болон дэлхийн улс төр, эдийн засаг, санхүүгийн байдлын талаархи тойм мэдээллээр шуурхай хангах;
14/судалгааны мэдээллийн нэгдсэн бааз бүрдүүлэх, мэдээллийг ангилан дэлгэрэнгүй болон хураангуй хэлбэрээр хадгалах, судалгааны лавлагаа, цахим мэдээллийн сан бүрдүүлэх;
15/Улсын Их Хурлын дотоод сүлжээнд судалгааны мэдээллийн материалыг байршуулах;
16/судалгааны ажлын тайлан, судалгааны материалаар болон шаардлагатай зарим асуудлаар гарын авлага, ном товхимол эмхтгэн гаргах;
17/Төвийн болон Тамгын газрын хэмжээнд бусад хэлтэс, албатай хамтран сургалт зохион байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
18/Улсын Их Хурлын номын санг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж, олон нийтэд номын сангаар үйлчлэх.